Залуучууд сонгуулийн үйл явцыг ажиглана

Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээний гишүүн Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ болон Бодлогод залуусын хяналт ТББ нь 2020 оны УИХ-ын сонгуульд ажиглалт хийх иргэний нийгмийн ажиглагч залуусыг манлайлан, зохион байгуулалтыг хариуцан ажиллаж  байна. 

Иргэний нийгмийн ажиглагчид нь сонгуулийн cанал авах, тоолох, дүнг гаргах үйл явц болон хяналтын тооллого хийх хэсгийн хороодыг сонгох, хяналтын тооллогыг хийж гүйцэтгэх үйл явц холбогдох хууль, журмын дагуу явагдаж буй эсэхэд хяналт тавьдаг.

Энэ удаагийн ээлжит сонгуулиар Улаанбаатар хотод 451 сонгуулийн хэсгийн хороо ажиллахаас 100 хэсгийн хороонд иргэний нийгмийн нийт 204 ажиглагч ажиллаж хяналт тавина. Түүнчлэн Баянхонгор, Дорноговь, Төв, Хэнтий, Дархан-Уул аймгуудад 30 ажиглагч бэлтгэн ажиллуулахаар төлөвлөөд байна.

Ажиглагчдыг бэлтгэх сургалтыг Улсын онцгой комиссоос  гаргасан заавар журмыг баримтлан шат дараатай зохион байгуулж буй бөгөөд одоогийн байдлаар 130 ажиглагч сургалтад хамрагдаад байна.

С. Гэрэлмаа
Төслийн удирдагч

Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээнээс 2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үйл явцад (1) хэвлэл мэдээллийн мониторинг, (2) сонгуулийн автоматжуулсан системийн мониторинг, (3) сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн мониторинг, (4) нийгмийн сүлжээн дэх сонгуулийн сурталчилгааны мониторинг, (5) санал хураах, дүнг гаргах үйл явцын ажиглалт гэсэн таван чиглэлээр мониторинг хийж эхлээд байна.
Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ нь Нээлттэй Нийгэм Форумын санаачлагаар 2008 оны 3 дугаар сард байгуулагдсан, нийгэмд ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зорилго санаа нэгтэй төрийн бус байгууллагуудыг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн сүлжээ юм.
Уг сүлжээний гишүүнээр Глоб Интернэшнл ТББ, МИДАС ТББ, Сонгогчдын Боловсрол Төв, Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд, Бодлогод залуусын хяналт зэрэг иргэний нийгмийн байгууллагууд ажилладаг бөгөөд 2008, 2012, 2016 оны УИХ-ын болон 2009, 2013, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиудад хараат бусаар хяналт тавьж, ажиглалт хийсэн туршлагатай. Сүлжээнд нэгдсэн иргэний нийгмийн байгууллагууд нь сонгуулийн үйл явцад хяналт тавихдаа аливаа улстөрийн нам, эвсэл холбоод, нэр дэвшигчийн нөлөөнөөс ангид, хараат бус байж зөвхөн сонгогчдын эрх ашгийг төлөөлөн, хуулийн хүрээнд, ил тод ажиллах ёс зүйн дүрмийг чанд баримтлан мөрдлөг болгодог.

 

Сонгууль

Санал тоолох үйл ажиллагааны мониторинг