2012 оны УИХ-ын сонгуулийн өдрийн санал хураах, тоолох үйл явцын ажиглалтын урьдчилсан дүн

Сонгуулийн үйл явцад иргэд хяналт тавих боломжтой байх нь сонгуулийн үр дүнд хууль бусаар нөлөөлөх гэсэн болзошгүй зөрчил будлианаас сэргийлж сонгуульд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэхэд онцгой чухал нөлөөтэй. Ийм ч учраас сонгуулийн үйл явцын ил тод байдал нь ардчилсан сонгуулийн гол зарчмын нэг байдаг.

Шударга Сонгуулийн Төлөө Иргэний Нийгмийн Хяналт Сүлжээний 200 ажиглагч 2012 оны 6-р сарын 28-ны өдөр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн cанал хураах, тоолох, дүнг гаргах үйл явцыг Улаанбаатар хотын 6 тойргийн 112 хэсгийн хороон дээр ажиглалаа. Сонгуульд анх удаа дотоодын төрийн бус байгууллагууд хөндлөнгийн, бие даасан ажиглалт хийж сонгуулийн үйл явцын ил тод байдлыг жинхэнэ утгаар нь бодитой хангах боломжийг нээсэн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 44.9-р заалтыг үндэслэн тус сүлжээний гишүүн байгууллага Өөрчлөлтийн төлөө Залуу эмэгтэйчүүд ТББ энэ ажлыг удирдан зохион байгуулсан ба 8 төрийн бус байгууллагын 200 ажиглагч оролцож амжилттай гүйцэтгэлээ.

Нийслэлийн 6 тойргийн нийт 359 хэсгийн хорооны 31% буюу 112 хэсгийн хороонд ажилласан ажиглагчдын ирүүлсэн мэдээллийг нэгтгэсэн дүнд үндэслэн 2012 оны Монгол Улсын Их Хурлын сонгуулийн санал хураах, тоолох, дүнг гаргах үйл явц хуулийн хүрээнд явагдсан ба сонгуулийн дүнд нөлөөлөхүйц ноцтой зөрчил гарааагүй гэж дүгнэж байна. Ажиглалт хийсэн хэсгийн хороод дээр зохион байгуулалтын болон тохиолдлын чанартай жижиг зөрчлүүд гарсан ч энэ нь санал тооллогын дүнд сөрөг нөлөө үзүүлээгүй байна.

Сонгуулийн санал хураах, тоолох, дүнг гаргах үйл явцад гарсан зарим зөрчил, алдааг дурдвал:

Санал авах байр, орчин: Санал авах байрны орчин, дотоод зохион байгуулалт, аюулгүй байдал зэргийг дийлэнх хэсгийн хороод сайн анхаарч бэлтгэсэн хэдий ч зарим газар дараах дутагдлууд ажиглагдсан. Үүнд: хэд хэдэн хэсгийн хороо санал бэлтгэх бүхээгүүдийг хооронд нь хэт ойр зайтай байрлуулснаас үүдэлтэй сонгогч саналаа нууцаар бэлтгэх боломж бага, саналын нууцлал алдагдах магадлалтай байсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд (ХБИ) зориулсан налуу зам хэсгийн хороодын 76%-д нь бэлтгэгдээгүй байсан төдийгүй зарим хэсгийн хороодын санал авах байр байшингийн 2, 3, 4-р давхарт байрлаж байсан нь ХБИ санал авах байранд хүрэхэд хүндрэл учруулсан байна. Мөн тусгайлсан саналын бүхээг хэсгийн хороодын 71%-д нь бэлтгэгдээгүй байсан зэргээс шалтгаалан ХБИ үүдний хэсэгт саналын хуудас бөглөх тохиолдол гарсан байна.

Санал хураах үйл явц: Ажиглалт хийгдсэн хэсгийн хороодын санал хураах үйл явцыг ерөнхийд нь дүгнэхэд хуульд заасан журмын дагуу хэвийн явагдсан. Хэсгийн хороодын 80% нь хуульд заасан цагт санал авах ажиллагааг эхлүүлсэн. Цөөн газарт санал авах төхөөрөмжийг угсрах, ажиллуулах зэрэгт их цаг зарцуулсны улмаас хожимдож эхлүүлсэн бол 3 хэсгийн хороон дээр 07:00 цагаас өмнө санал авах ажиллагааны нээлтийг хийн, эхлүүлсэн тохиолдол гарсан.

Сонгуульд санал өгөхтэй холбоотой мэдээлэл сонгогчдод дутмаг байснаас үүдсэн зарим хүндрэл ажиглагджээ. Үүнд: Сонгогч саналын хуудсанд саналаа хэрхэн тэмдэглэх талаарх мэдээлэл дутмагаас болж бусад сонгогчид болон хэсгийн хорооны ажилтнуудаас заавар, зөвлөгөө авах, санал бэлтгэх бүхээгт бусад этгээдтэй хамт байх, бусдын бүхээг рүү шагайх болон саналын хуудсаа солилцож үзэх зэрэг зөрчлүүд илэрсэн. Сонгогч саналын хуудсыг төхөөрөмжид хэрхэн уншуулахаа мэдэхгүй мэдээллийн технологийн даамал, хэсгийн хорооны гишүүний туслалцаа авах тохиолдол мөн нэлээд гарсан бөгөөд үүнээс улбаатай саналын нууцлал алдагдах нөхцөл үүсч байсан. Мөн хэсгийн хороодын байршил өөрчлөгдөж энэ талаар мэдээлэл сонгогчдод хүрээгүй учир хэсгийн хороог андуурч ирсэн сонгогчдын тоо олон байв.

Санал авах ажиллагааны явцад 9 хэсгийн хороонд богино хугацаагаар цахилгаан тасарсан боловч санал хураах ажиллагаанд сөргөөр нөлөөлж удаан хугацаанд саатуулаагүй.

Бүх  хэсгийн хороодын хурууны хээ танигч төхөөрөмж болон иргэний бүртгэлийн сүлжээ автоматаар унтарч санал авах ажиллагаа хуульд заасан хугацаанд 20:00 цагт хаагдсан. Санал авах ажиллагааг хаах үед саналаа өгч чадаагүй сонгогчид харьцангуй цөөн байсан.

Санал тоолох төхөөрөмж болон хурууны хээ таних төхөөрөмжийн ажиллагаа: Ажиглагчдын мэдээллээс үзэхэд хэсгийн хороод санал авах ажиллагаа эхлэхэд санал тоолох төхөөрөмжийн бэлтгэлийг урьдчилан сайн хангасан байна. Гэвч цөөн хэсгийн хороон дээр төхөөрөмж доголдох явдал гарсан. Тухайлбал, хоёр хэсгийн хороон дээр төхөөрөмжийг буруу угсарснаас болж санал авах ажиллагаа 20-60 минутын хугацаанд гар ажиллагаанд шилжсэн. Мөн нэг хэсгийн хорооны төхөөрөмжийг шалгах ажиллагаа хийгдээгүй байна. Ажиглалт хийсэн хэсгийн хороодын 20%-д нь санал тоолох төхөөрөмж гацах, саналын хуудсыг зажлах, буцааж гаргах тохиолдлууд гарсан ба энэ нь саналын хуудсаа хөндлөн хийх, эхнийх нь уншиж дуусаагүй байхад араас нь хийж гацаах, төхөөрөмж халах, толгой нь бохирдох зэрэг нийтлэг шалтгааны улмаас тохиолдсон байна.  Үүний улмаас төхөөрөмж тодорхой хэсгийн хороод дээр 10-90 минутын хугацаанд ажиллаагүй тохиолдол гарсан. Мөн зарим санал тоолох төхөөрөмж саналын хуудсыг аль нэг талаар нь хийхэд уншихгүй байсан ба нөгөө талаар нь хийхэд унших түүнчлэн нэг төхөөрөмжид уншигдаагүй саналын хуудсыг нөгөө төхөөрөмжид уншиж байсан тохиолдол гарч байв. Мөн саналын хуудасны бар код гэмтсэний улмаас уншихгүй байсан цөөн тохиолдол гарсан байна.

Хурууны хээ танигч төхөөрөмж ажиллахгүй байх, гацах тохиолдол цөөнгүй хэсгийн хороодод гарсан. Цөөн иргэдийн хурууны хээ танигдахгүй байх тохиолдол гарч байсан энэ тохиолдолд Регистрийн дугаарын дагуу хайлт хийж бүртгэлийн хуудсыг олгосон байна. Мөн СХД-ийн зарим хэсгийн хороодод хурууны хээг таниулалгүй санал өгүүлж байсан тохиолдлууд ажиглагдсан байна.

Сонгогчийн нэрийн жагсаалт: Сонгогчийн нэрсийн жагсаалтанд тухайн хаяг дээр амьдардаг иргэний нэр нэрсийн жагсаалтанд ороогүй мөн тухайн хаяг дээр амьдардаггүй иргэдийн нэрс сонгогчоор нэмж бүртгэгдсэн, цахим үнэмлэхээ авсан сонгогчийн нэр иргэний бүртгэлд байхгүй, сонгогчийн нэрсийн жагсаалтанд бүртгэгдсэн боловч иргэний бүртгэлд байхгүй, мөн burtgel.mn хаягаар нэрээ шалгахад нэр нь байсан боловч хэсгийн хороон дахь нэрсийн жагсаалтанд бүртгэгдээгүй эсвэл бүртгэл дээрх мэдээлэл иргэний бичиг баримттай нь зөрөх, шилжилт хийсэн ч бүртгэгдээгүй байсан зэрэг зөрчлүүд дийлэнх хэсгийн хороодод нийтлэг илэрсэн байна. Түүнчлэн 26-р тойргийн шинээр ашиглалтанд орсон 12 болон 60-р байр, 22-р тойргийн 8-р байрны иргэд цахим бүртгэлд бүтргэгдээгүй байснаас саналаа өгч чадаагүй байна.

Санал тоолох үйл явц: Санал тоолох ажиллагаа нь ажиглалт хийсэн хэсгийн хороодын 60%-д санал авах ажиллагаа дуусгавар болсноор 20 цагт эхэлсэн бол 40%-д нь сүүлийн сонгогчдыг гаргах, тооллогод бэлтгэх мөн амарч цайлах шалтгаанаар сүүлийн хэсгийн хорооны тооллого 21 цагт эхэлсэн байна. Түүнчлэн хэд хэдэн хэсгийн хороо энэ ажиллагааг хэрхэн явагдахыг мэдэхгүй байснаас цаг алдах, удаашрах, зарим үйл ажиллагааг орхигдуулахад хүрч байсан байна. Санал өгсөн сонгогчдын тоо болон төхөөрөмж дэх саналын тоо 4 хэсгийн хороон дээр 1-2 саналын хуудсаар зөрсөн байна. Санал тоолох ажиллагааны үед гарсан зөрчлүүдээс дурьдвал: 26-р тойрог СХД-т 1123 хэрэглэгдээгүй саналын хуудсыг хүчингүй болголгүй (хайчлалгүй) шинээр нь саарал уутанд битүүмжлэн хураасан зөрчил гарсан байна. Мөн 7 хэсгийн хороо үр дүнгийн тайлангаа иргэний нийгмийн ажиглагчид хэвлэж өгөхөөс татгалзсан.

СХД-ийн 15-р хэсгийн хороо нь санал тооллогын үйл явцыг ажиглагчдад харагдахааргүй зайнаас хийсэн бөгөөд өглөөний 6 цаг хүртэл ажиглагчдад дүнгийн тайлан, тогтоолыг танилцуулаагүй байна. Улмаар тогтоолыг зөвхөн уншиж танилцуулсан болоод төхөөрөмжийн тайлан, тогтоолыг ажиглагчдад хэвлэж өгөлгүйгээр тойргийн хороонд хүргүүлсэн байна.

Хяналтын тооллого: Ажиглалт хийгдсэн нийт 112 хэсгийн хорооноос 25-р тойргийн 2 хэсгийн хороонд хяналтын тооллого хийгдсэн.  Ийнхүү тоолоход 9-р хэсгийн эхний машины дүн гар тооллогын дүнтэй 1 саналаар зөрсөн, 23-р хэсгийн хувьд нэгдүгээр машинд 1, хоёрдугаар машинд 1 саналын зөрүү гарснаас өөр зөрүү гараагүй байна. Энэ хэсгийн хувьд 2012 оны 6-р сарын 29-ний өдрийн 00:30-д гар тооллого албан ёсоор эхэлсэн бөгөөд өдрийн 13:00 цагт дууссан байна.

Ажиглагт хийхэд учирсан хүндрэл бэрхшээл: Ажиглагчид сонгогч хурууны хээ таниулахаас эхлээд саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид уншуулах хүртэл үйл явцыг бүхэлд нь ажиглах боломжгүй байх хүндрэл нийтлэг байв. Учир нь хэсгийн хороод ажиглагчдад зориулсан суудлыг ихэнх тохиолдолд хэт хол зассан, мөн намын ажиглагчдад суудал засч өгсөн ч дотоодын байгууллагын ажиглагчдад зориулсан ширээ, сандал хангалтгүйн улмаас манай ажиглагчид өвөр дээрээ шалгах хуудсаа бөглөх, зогсоогоороо ажиглалт хийх тохиолдлууд гарсан. Мөн ажиглагчдад мэдээлэх шаардлагатай зарим мэдээллийг дутуу хэлэх, орхих, санал тоолох төхөөрөмжийн гэрчилгээ, серийн дугаарыг тэмдэглэж, мэдээлэл авах боломжоор хангаагүй, намын ажиглагч нарт илүү нааштай хандах зэргээр ялгаварлах байдал нэлээд түгээмэл ажиглагдлаа.

Сонгууль