Төрийн аудитын дээд байгууллага зардлын тайланг хүлээн авсан өдрөөс хойш 60 хоногийн дотор хянаж, дүнг нийтэд мэдээлэх бөгөөд нэг сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, хоёр сая ба түүнэ
Аливаа ардчилсан буюу ардчиллыг төлөвшүүлж буй нийгэмд улс төрийн намын мөрийн хөтөлбөр хүний эрх, жендэрийн шударга ёс, ардчиллын үндсэн зарчим, хэм хэмжээнд нийцтэй байгаад зогсохгүй эдгээр үнэт зүйлс, зарчмыг төлөвшүүлж, бэхжүүлэхийг зорьсон байх учиртай.
Энэ шаардлага арван зургаахан жилийн өмнө ардчилсан Үндсэн хуулиа баталж, хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгмийг цогцлуулан хөгжүүлэх явдлыг эрхэм зорилгоо болгон тунхагласан, төр буюу албан тушаалтан төвтэй нийгмээс хүн төвтэй нийгэм рүү шилжих ээдрээтэй боловч зайлшгүй хийх ёстой нэн чухал сонголтыг зориглон хийсэн Монгол улс шиг шинэхэн ардчиллын хувьд илүүтэй чухал юм.
Тиймээс 2008 оны сонгуульд өрсөлдөж буй таван нам, нэг эвслийн мөрийн хөтөлбөр хүний эрхэд хэр суурилсан байна, хэр жендэрийн мэдрэмжтэй байна гэдэгт, түүнчлэн жендэрийн тэгш байдлыг дээшлүүлж, хүний эрхийг хангахын төлөө нам, эвсэл юу хийнэ гэж төлөвлөж байгаад дүн шинжилгээ хийж үзлээ.
Дүн шинжилгээний хүрээнд дараах нам, эвслийн мөрийн хөтөлбөр хамрагдсан болно:
Үндсэн ойлголтууд
Хэрэглэсэн онолын хэрэгслүүд буюу үндсэн ойлголт, тодорхойлолт, ухагдахуунуудаа ил тодоор танилцуулах нь судалгаа, шинжилгээний ажилд тавигддаг гол шаардлага байдаг. Тиймээс энэ хэсэгт уг дүн шинжилгээний хүрээнд хэрэглэсэн хүний эрх, жендэртэй холбоотой гол гол ойлголтуудаа тодорхойлж өглөө.
Хүний эрхэд суурилсан хандлага
Хүний эрхэд суурилсан үзэл хандлага гэдэг нь аливаа асуудал, тэр дундаа улс төрийн аргаар шийдвэрлэх бодлогын чанартай асуудлыг болон түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлохдоо хувь хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэсэн, хүмүүсийн тэгш эрхийг хангасан, үл ялгаварласан байдлаар хандахыг хэлнэ. Хүний эрхэд суурилсан бодлого, шийдвэр нь хувь хүний, ялангуяа нийгмийн гадуурхагдсан, эрх мэдэл дутмаг, өөрийгөө хамгаалах чадвар сул бүлгийн хүмүүсийн биеэ даах чадавхыг бэхжүүлж, эрх чөлөөт, бие даасан сонголт хийх боломжийг нь өргөжүүлсэн буюу өргөжүүлэхийг зорьсон байдаг.
Түүнчлэн, хүний эрхэд суурилсан бодлого, шийдвэрийг иргэдийн оролцоонд тулгуурлан тодорхойлсон байх учиртай. Тухайн бодлого, шийдвэрийн үр дагаврыг биеэрээ амсах хүмүүс шийдвэр гаргахад хангалттай, утга төгөлдөр оролцож чадаагүй нөхцөлд ямар ч ухаалаг мэт харагдах шийдвэрийг зарчмын хувьд хүний эрхэд бүрэн суурилсан гэж үзэх боломжгүй юм.
Мөн тэгш эрхийн зарчмыг зөрчсөн бодлогыг хүний эрхийг хангасан гэж үзэх боломжгүй. Ийнхүү хэн нэгэн хүн буюу бүлэг хүмүүсийн эрх, эрх чөлөөгөө эдлэх, сонголтоо хийх, амьдралаа дээшлүүлэх боломжийг хангахын тулд өөр нэг хүн буюу бүлэг хүмүүсийн жам ёсны эрх, эрх чөлөө, зүй ёсны сонирхлыг золиослосон байвал тухайн бодлого, шийдвэр хүний эрхэд суурилаагүй гэсэн үг.
Хүний эрхэд суурилсан бодлого нь хүн бүр, нас, хүйс, шашин шүтлэг, улс төрийн үзэл бодол, нийгмийн гарал, бэлгийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл зэргээс үл хамааран, хүн болж төрсний жам ёсны эрх, эрх чөлөөгөө тэгш эдлэх ёстой гэсэн үл ялгаварлан гадуурхах зарчимтай нийцэж байх учиртай.
Жендэр
Жендэрийг судлаач, онолчид олон янзаар тодорхойлдог боловч энд жендэрийг биологийн хүйст суурилсан, улс төр, соёл, нийгмийн эрх мэдлийн харилцаа, үйл явцаар бүтсэн, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, охид, хөвгүүдэд оноосон ялгавартай дүр, үнэлэмж, үүрэг функц зэргийн нийлбэр гэсэн утгаар нь хэрэглэсэн байгаа. Өөрөөр хэлбэл, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн нийгэмд гүйцэтгэдэг үүрэг бол байгалиас заяасан гэхээс илүү түүхэн явцад нийгмийн харилцаанд бүрэлдэн тогтож, хувьсан өөрчлөгдөж ирсэн зүйл.
Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, охид, хөвгүүдэд оногддог тодорхой дүр, үүрэг, функц нь эрх мэдлийн үйл явцаас шууд хамааралтай. Эцгийн эрхт ёсонд суурилсан жендэрийн тогтолцоон дахь эрэгтэй, эмэгтэй дүр, үүрэг, фунцууд өмч, эрх мэдэл бүхий эрэгтэйчүүдийн эрх ашигт гол төлөв үйлчилж ирсэн байдаг. Ийм тогтолцоонд эмэгтэйчүүдийг өөрийнхөө сайн сайхны төлөө амьдрах, бие даасан шийдвэр гаргах эрхтэй хүн гэж хүлээн зөвшөөрөлгүй, тэднийг гэр бүл дэх функцээр нь болон нөхөн үржихүйн функцээр нь тодорхойлж ирсэн.
Үүний улмаас олон жилийн туршид эмэгтэйчүүд нийгмийн бүлгийн хувьд улс төрийн шийдвэр гаргах болон нийгмийн хөгжлийн бусад үйл явцад тэгш оролцох боломжгүй байж ирсэн. Хэдийгээр эмэгтэйчүүдэд гэр бүлийн болон нийгмийн “ар гэр,” “бор ажлыг” даатгах нь зарим тохиолдолд тодорхой хугацаанд эдийн засгийн үр өгөөжтэй байж болох ч ардчилсан нийгэмд эмэгтэй хүнийг жендэрээр нь ийнхүү ялгаварлан гадуурхах нь хүний эрх, эрх чөлөө, тэгш эрхийн зарчмыг бүдүүлгээр зөрчиж буй гэж үзэн жендэрийн тэгш эрхийг хангах зорилго тавьдаг.
Жендэрийн тэгш эрхийг хангаснаар нийгэм илүү хүмүүнлэг, илүү эрх чөлөөтэй болохоос гадна эмэгтэйчүүдийн бүтээлч хүч, хөдөлмөрийг нийгмийн хөгжилд бүрэн оролцуулах боломж гардаг байна. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийг тэгш оролцуулснаар төрийн бодлого тодорхойлох үйл явц иргэдийн төлөөллийг илүү сайн хангаж, улмаар илүү ардчилсан болж, нийгмийн олон бүлгийн сонирхлыг шингээж чаддаг байна. Ийм бодлого амьдралд илүү нийцтэй, илүү тогтвортой байдаг байна. Тиймээс ардчилсан нийгэмд жендэрийн тэгш эрхийг хангах нь нийгмээ хөгжүүлэх, баялгийг бүтээх үйл явцын нэг салшгүй хэсэг болдог.
Орчин үед төрийн бодлого, шийдвэр бүрт жендэрийн мэдрэмжтэй байх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Энэ шаардлагыг хангахын тулд тухайн бодлого, шийдвэр нь нэгдүгээрт эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хөвгүүд, охидын өөр өөр хэрэгцээ, нөхцөл байдлыг анхааралдаа авсан байх ёстой бөгөөд аль нэг бүлгийн эрх ашгийг жендэрийн суурин дээр илүү дээгүүр эсвэл илүү доогуур авч үзээгүй байх ёстой. Хоёрдугаарт, тухайн бодлого, шийдвэрийг тодорхойлохдоо эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн оролцоог тэгш хангасан байх ёстой. Гуравдугаарт, тухайн бодлого, шийдвэр жендэрийн тэгш эрхийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж, ирээдүйд чиглэсэн байх ёстой.
Ардчилал
Олон тохиолдолд улс төрийн хүчнүүд нийгмийг хөгжүүлэх, аюулгүй байдлыг хангах зэрэг зорилт тавихдаа иргэдийг тэрхүү зорилгод хүрэх хэрэгсэл мэт ашиглахыг оролддог. Энэ үзэгдэл ардчилал бэхжиж чадаагүй улс оронд илүү түгээмэл ажиглагддаг. Монгол улс үүний тод жишээ тул энд ардчилсан нийгмийн хоёр гол шинжийг дурьдах нь зүйтэй гэж үзлээ.
Нэгдүгээрт, ардчилсан нийгэм хүнийг, түүний эрхэм чанар, жам ёсны эрх, эрх чөлөөг хамгийн дээд, хамгийн нандин үнэт зүйлээ гэж үздэг. Үүнээс үүдэн ардчилсан нийгмийн хамгийн гол зорилго бол хүмүүсийн жам ёсныхоо эрх, эрх чөлөөгөө эдлэн, эрхэм чанараа мэдрэн амьдрах боломжийг хангах. Ардчилсан нийгэмд хүний жам ёсны эрх, эрх чөлөөг ханган хамгаалах зорилгыг давах зорилго гэж байхгүй.
Хоёрдугаарт, ардчилсан нийгэмд төр захирах бус зохицуулах, иргэдийг халамжилж тэжээх бус тэдний өөрсдийгөө халамжлан тэжээх чадавхыг бэхжүүлэх, биеэ даан нэр төртэйгээр амьдрах нөхцлийг нь бүрдүүлэх үүрэгтэй байдаг.
Төрийн үйлчилгээ гэж орчин үеийн төрийн тогтолцоонд зайлшгүй байдаг ч үүнийг халамжлагч эцэг мэт төр өгөөмөр сэтгэл гарган иргэддээ үзүүлж буй гэж үздэггүй. Харин иргэд хамтаараа төрийн механизмаар дамжуулан зарим нэн шаардлагатай, түгээмэл, суурь үйлчилгээг нийт иргэдэд үр дүнтэйгээр хүргэх нь зүйтэй хэмээн татвараараа санхүүжүүлж, төрийн механизмаар дамжуулан хэрэгжүүлж байна гэж үздэг.
Төрийн хамгийн чухал үйлчилгээний нэг нь боловсролын үйлчилгээ бөгөөд энэ хүрээнд иргэдийг ардчилсан нийгэмд тохирсон чадамжтай болгоход чиглэсэн иргэний боловсрол зайлшгүй багтдаг. Иргэний боловсрол гэдэгт хүний эрх, эрх чөлөө, жендэрийн тэгш эрх зэрэг ардчиллын үнэт зүйлс, зарчим, тогтолцоо, дүрэм журам зэргийг багтаахаас гадна иргэдийн, ялангуяа хүүхэд залуучуудын чөлөөтэй, бүтээлчээр сэтгэн бодох, асуудлыг олон талаас нь харж, шүүмжлэлтэй хандах, өөрийгөө үр дүнтэй илэрхийлэх, зөрчил маргааныг тайван замаар шийдвэрлэх ур чадварт сургах зэрэг багтдаг.
Мөрийн хөтөлбөрүүдийн дүн шинжилгээ
Юуны өмнө хүний эрх, эрх чөлөөг хамгаалан хангах, ардчиллын үйл явцыг бэхжүүлэх, иргэний нийгмийг хөгжүүлэх, иргэний боловсрол олгох болон жендэрийн тэгш бус байдлыг бууруулах, тэр дундаа эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрх, эрүүл мэндийг хамгаалах талаар улс төрийн намууд мөрийн хөтөлбөртөө дурьдсан эсэхийг ерөнхийд нь харьцуулан авч үзье. Түүнчлэн, ахмад настан, хүүхдүүд, үндэсний цөөнх, ядуус, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг тусгай анхаарал шаардсан нийгмийн бүлгүүдийн хүний эрхийг хангахад чиглэсэн халамж үйлчилгээг дурьдсан эсэхийг авч үзэх болно. Учир нь жендэрийн үзүүлэлтээс гадна нийгмийн эмзэг бүлгүүдийг анхаарч буй эсэх нь тухайн нам хэр ардчилсан, хүмүүнлэг үзэлтэйг илтгэдэг.
Зорилго | ҮШН | БНН | ИЗН | ИЭ | МАН | МАХН |
Хүний эрхийг хангах, хамгаалах | - | - | - | - | + | - |
Ардчиллыг бэхжүүлэх | - | - | - | + | + | + |
Иргэний нийгмийг хөгжүүлэх | - | - | - | + | + | +* |
Иргэний боловсрол олгох | - | - | - | - | + | - |
Жендэрийн тэгш эрхийг хангах | - | - | - | - | - | - |
Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх | - | - | - | - | + | - |
Эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрх, эрүүл мэндийг хамгаалах | * | - | * | - | - | * |
Жендэрт суурилсан болон эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах | - | - | - | - | + | -+ |
Нийгмийн эмзэг бүлгүүдийн эрх, халамж, үйлчилгээ | - | - | + | + | * | * |
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, халамж, үйлчилгээ | - | - | - | - | - | - |
Хүүхдийн эрхийг хамгаалах | - | - | + | - | + | - |
Үндэсний цөөнхийн эрхийг хангах | - | - | - | - | - | - |
- үгүй (дурьдаагүй)
+ тийм (дурьдсан)
* халамжийн үйлчилгээ дурьдагдсан боловч эрхэд суурилсан байдлаар биш
Дээрх хүснэгтээс харахад Монголын ардчилсан намын мөрийн хөтөлбөрийг эс тооцвоос үндэсний сонгуульд өрсөлдөж байгаа нам, эвслийн мөрийн хөтөлбөр ерөнхийдөө хүний эрхэд суурилаагүй, жендэрийн мэдрэмжгүй гэж дүгнэхээр байна. Мөрийн хөтөлбөрт улс төрийн нам, эвсэл бодлогын зорилтуудаа танилцуулахаас гадна намынхаа баримталдаг үндсэн зарчим, мөн эрхэм зорилгыг тусгасан байдгийг харгалзваас МАН-аас бусад таван нам, эвслийн нэг нь ч хүний эрх, эрх чөлөөг ханган хамгаалах нь намын үндсэн зорилго гэж дурьдаагүй байгаа нь сэтгэл түгшээхээр байна.
Тухайлбал, Үндэсний Шинэ Нам зорилгоо дараах байдлаар тодорхойлсон байна: “эвийг эрхэмлэсэн үндэсний үзэлд тулгуурлан Монгол төрийг урлах замаар нийгмйин хөгжлийг түргэтгэх.” Эв нэгдлийг эрхэмлэх, үндэсний үзлийг хөгжүүлэх, мөн Монголын нийгэмд тохирсон ардчилсан төрийн тогтолцоог хөгжүүлэх зэрэг нь цөм маш чухал зорилт мөн. Энэ бодлогыг хүний эрхэд суурилсан, иргэдийн өөрсдийн чөлөөт сонголтыг эрхэмлэх, сонголт хийх боломжийг нь өргөжүүлэх замаар хэрэгжүүлэх юм бол ардчилал, хүний эрх, жендэрийн тэгш эрхийн үүднээс харахад ямар ч асуудал байхгүй.
Гэвч үндсэн зорилгоо тодорхойлохдоо ч, мөрийн хөтөлбөрийн нийт текстэнд ч хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хамгаалах, хүмүүсийн тэгш эрхийг хангах, ардчиллыг бэхжүүлэх, иргэний боловсрол олгох, иргэний нийгмийг хөгжүүлэх, эмэгтэйчүүд, хүүхдүүд, үндэсний цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан зэрэг бүлгийн хүний эрхийг хангах зэрэг нэн чухал зорилтуудыг ганц ч удаа дурьдаагүй, мөн үндэсний үзэл, үндэсний эрх ашиг гэж чухам юуг хэлж байгаагаа нэг ч удаа тодорхойлоогүйгээс гадна хүний эрх, эрх чөлөө, ардчиллын зарчмыг зөрчсөн дараах санааг агуулсан байна:
ҮШН-ын мөрийн хөтөлбөрт дурьдагдсан дээрх зорилгууд Монгол улсын Үндсэн хуулийн үзэл санаа, зарчмыг ноцтой зөрчсөн байна.
Цаашилбал, “Хүн амын амьжиргааг сайжруулж, хүмүүжил, боловсролтой, ажилтай, иргэний төлөө зорилт” гэсэн бүлгийн хүрээнд ҮШН иргэдийн биеэ даан амьдрах боломж, чадавхыг бэхжүүлэх, үүнд чиглэсэн төрийн бодитой үйлчилгээг сайржуулахад бус бэлэн мөнгө зэргийг төрийн сангаас тараах бодлогыг дэвшүүлсэн байна. Бусад нам, эвслийн хувьд ч түгээмэл ажиглагдсан энэ хандлага нь төрийг “халамжлагч эцгийн” дүрээр, иргэдийг идэвхгүй халамжлуулагч “ангаахай” мэтээр төсөөлөх социалист дарангуйллын тогтолцооны сэтгэлгээг илтгэж байна.
Энэ дашрамд дурдахад, хэдийгээр ҮШН нь Монгол гэсэн онцлогтой төрийг урлах санааг дэвшшүлсэн боловч “Монгол төрийн тогтолцоог засаглалыг хуваах, эрх мэдэл хуваарилах сонгодог зарчимд нийцүүлэн Үндсэн хууль өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийн засаглал тогтоох талаар ард нийтийн санал асуулга явуулна” гэжээ. Энэ асуудлаар ард нийтийн санал асуулга явуулна гэдэг нь ардчиллын зарчимд бүрэн нийцсэн байна. Харин засаглалыг хуваах, эрх мэдэл хуваарилах зарчимд суурилсан Ерөнхийлөгчийн засаглал гэдэг нь Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгчийн тогтолцооны шинжийг илтгэж байна. Энэ тогтолцоог хэрхэн “монгол” болгохоо ҮШН-ий мөрийн хөтөлбөр огт тайлбарлаагүйн зэрэгцээ мөрийн хөтөлбөр нь ерөнхийдөө хүний эрх, эрх чөлөөг үл хүндэтгэсэн буюу үл тоомсорлосон шинжтэй, төр нь иргэдийг захиргаадан халамжлах эрх, үүрэгтэй гэсэн ойлголтонд суурилсан байгаа тул ҮШН-ын санал болгож буй “эвийг эрхэмлэсэн үндэсний үзэлд суурилсан Монгол төр” буюу монгол маягийн Ерөнхийлөгчийн засаглал нь төдийлөн ардчилсан засаглал биш байж мэднэ гэсэн таамаглалыг дэвшүүлэхэд хүргэж байна.
Бүгд Найрамдах Нам “Монгол Улсын уул уурхай, хөдөө аж ахуй, газар тариалан, хүнсний аюулгүй байдал, барилгын салбар, аж үйлдвэрийг бүхэлд нь сэргээх, зохиомол үнийн хөөрөгдлийг таслан зогсоох” гэж зорилгоо тодорхойлсон байна. Мөн л хүний эрх, эрх чөлөө, жендэрийн тэгш эрхийг хангах, ардчиллыг бэхжүүлэх, иргэний нийгмийг хөгжүүлэх зэрэг амин чухал асуудлыг огт дурьдаагүй байгаа нь эдийн засгийн хөгжлийг хүний эрх, хүний хөгжлөөс ангид бөгөөд дээгүүр авч үзэх хандлагыг илтгэж байж болзошгүй.
Үндэсний хэмжээний сонгуульд өрсөлдөж буй аливаа намын мөрийн хөтөлбөрт дурьдвал зохих үндэсний цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ядуус, хүүхдийн эрх, ахмад настан, эмэгтэйчүүдийн эрх, онцлог хэрэгцээг хангах (жишээ нь нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах), иргэний боловсрол олгох, жендэрт суурилсан хүчирхийлэл зэргийг бууруулах асуудлыг огт дурьдаагүй байна. Мөн бусад намын адил хүүхдийн мөнгөн тэтгэлгийг нэмэгдүүлэх, үргэлжлүүлэх гэсэн үр дүн муутай нийгмийн бодлогыг дэмжсэн байна.
Хэдий тийм боловч, ҮШН-ын мөрийн хөтөлбөрөөс ялгаатай нь “Архи, спиртийн үйлдвэрийг төрийн мэдэлд 100 хувь авна” гэсэн иргэдийн эдийн засгийн эрх, эрх чөлөөнд илт халдсан санаанаас өөр хүний эрх, эрх чөлөө, ардчиллын хэм хэмжээ, Үндсэн хуулийн үзэл санааг бүдүүлгээр зөрчсөн зүйл алга (архины үйлдвэрлэлийг зохицуулж, архидалтыг бууруулах нь маш чухал зорилго мөн боловч үүнийг хүний эрх, эрх чөлөөний зарчимд нийцсэн байдлаар илүү үр дүнтэй зохицуулах олон арга байгаа. Аливаа салбарын үйлдвэрлэлийг бүхэлд нь төрийн мэдэлд оруулснаар нийгмийн асуудлыг шийдвэрлэх нь оновчтой арга биш юм). Гэвч уг мөрийн хөтөлбөр бүхэлдээ жендэрийн мэдрэмжгүй, хүний эрхийн үзэл санаа нь тод илэрхийлэгдээгүй байна.
Иргэний Зориг Нам “Монгол хүнээ дээдлэх сайн цагийг бид авчирна” гэсэн уриан дор мөрийн хөтөлбөрөө боловсруулсан бөгөөд бусад нам шиг ерөнхий зорилгоо томьёололгүй дараах зургаан зорилтыг тодорхойлсон байна:
ИЗН-ын мөрийн хөтөлбөр ҮШН, БНН-ын мөрийн хөтөлбөрийн адил хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хамгаалах, ардчиллыг бэхжүүлэх, жендэрийн тэгш байдлыг дээшлүүлэх, иргэний боловсролыг олгох, иргэний нийгмийг хөгжүүлэх гэсэн чухал зорилгуудыг огт дурьдаагүй байна. Хэдий тийм боловч төрийн албаны шинэчлэл, авлигатай тэмцэх, төрийн мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох чухал зорилтуудыг дурьдсан байгаа бөгөөд эдгээрийг хэрэгжүүлэх нь хүний эрх, эрх чөлөөг хангах, ардчиллыг бэхжүүлэх, иргэний нийгмийн хөгжлийг дэмжихэд тус нэмэр болно гэж үзэх боломжтой.
ИЗН-ын мөрийн хөтөлбөрийн нэг давуу тал нь эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжийг дээшлүүлэх, жирэмсний болон нялх хүүхэд асрах үүргээ биелүүлэхэд тус дэм болох мөнгөн тэтгэлгийг дурьдсан байна. Энэ нь эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн функцтэй холбоотой онцгой хэрэгцээг нь анхаарсан маш сайн үзүүлэлт юм. Ялангуяа төрөхийн өмнө болон төрсний дараа эмнэлгийн үйлчилгээ авах зориулалттай тодорхой мөнгөн дүн бүхий эмчилгээний төлбөрийн карт эхчүүдэд олгож, хүссэн эмч, эмнэлгээс үйлчилгээ авах боломжийг нь олгоход чиглэсэн бодлого нь эмэгтэйчүүдэд нэн шаардлагатай нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээ авах, тэгэхдээ эмч, эмнэлгээ өөрсдөө сонгох боломжийг өргөжүүлээд зогсохгүй эмнэлгийн үйлчилгээний энэ салбарт өрсөлдөөн бий болгож, үйлчилгээний чанарыг сайжруулахад тус болох магадлалтай байна.
Харамсалтай нь “Ээж бүрт хүүхэд төрүүлэхийн өмнөх 6 сар, төрүүлсний дараах 18 сард төрийн дунд шатны албан хаагчийн сарын цалинтай дүйцэхүйц хэмжээний цалинг сар бүр олгож эхэлнэ” гэсэн тэтгэлгийн бодлого нь эмэгтэй хүн жирэмсний сүүлийн 6 сар, төрсний дараах 18 сар, нийтдээ 2 жилийн турш гэртээ сууж, хүүхэд төрүүлэх, асрах л үүргийг гүйцэтгэнэ гэсэн санааг агуулж байна. Энэ бодлого хүүхэд асрах хүнд хүчир ажилд эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, нөхөн үржихүйн үүргийг эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн хооронд илүү тэнцвэртэйгээр хуваарилах, эмэгтэйчүүдийн биеэ даан амьдрах, хүүхэд төрүүлж, асрах үүргээ ажил мэргэлжийн хөгжилтөйгөө учлдуудах боломжийг хангах зэрэг чухал хэрэгцээ шаардлагыг бодолцоогүйн улмаас хүүхэд асрах үндсэн үүргийг удаан хугацаагаар эмэгтэйчүүдэд үүрүүлдэг жендэрийн шударга бус хандлагыг бэхжүүлэх эрсдэлтэй байна.
ИЗН-ын мөрийн хөтөлбөрт бусад намын мөрийн хөтөлбөртэй адил нийгмийн халамж, үйлчилгээг ерөнхийдөө бэлэн мөнгө, эд материал тараах хэлбэрээр тусгасан байна. Жишээ нь нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд “нэг удаа үнэ төлбөргүй давхар бүрээстэй гэр олгоно” гэсэн байна. Энэ нь нэг талаас нийгмийн эмзэг бүлгийн иргэдийг онцгойлон анхаарсан сайн талтай боловч нөгөө талаас мөн л тэднийг идэвхигүй хүлээн авагч мэтээр гол төлөв төсөөлж, төрөөс бэлэн зүйл тарааж өгөх байдлаар л дэмжих санааг агуулсан байна. Эмзэг бүлгийн иргэдийн хүний эрхийг хамгаалах, эрхээ хамгаалах, амьдралаа дээшлүүлэх чадавхыг нь бэхжүүлэх талаар дурьдаагүй байна.
ИЗН бусад намын адил хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэх бодлогоо илэрхийлсэн байна. Гэхдээ хүүхдийн эрхийг хамгаалах бодлого явуулна гэдгээ мөн илэрхийлсэн нь чухал бөгөөд энэ талаар ИЗН-ээс гадна нэг л нам дурьдсан байсан нь Монголын Ардчилсан Нам юм.
Иргэний Эвсэл “Эх орноо цэвэрлэе! 1-2-3!” гэсэн уриан дор Хяналттай төр, Амьжиргаатай өрх, Эзэнтэй нутгийн төлөө гэсэн гурван зорилт тодорхойлсон байна. Тэд Монголын нийгэм гүн хямралд орсон, “эрх баригчид Моголын ардчиллыг бүрэн ухрааж, илтэд феодалын шинжтэй дарангуйлал тогтоогоод байна” гэж үзээд “Улс төрийн энэхүү бурангуй системийг халан өөрчлөх” явдлыг эвслийнхээ улс төрийн үндсэн зорилго мөн гэж томьёолжээ.
Энэ хүрээнд тэд “иргэний хяналттай төрийн тогтолцоо,” “иргэндээ үйлчилдэг төрийн байгууллага”-ыг төлөвшүүлж “иргэний мэдэх эрх”-ийг хангах, “нам, төрийн ажлыг зааг”-ийг тодорхой болгох, сонгуулийн тогтолцоог шинэчлэхэд чиглэсэн бодлогын зорилтуудаа дэлгэрэнгүй танилцуулсан байна. Эдгээр зорилт нь ерөнхийдөө Монголын ардчиллыг бэхжүүлэхэд чиглэсэн гэж хэлж болно.
Гэвч улс төрийн өөрчлөлт, шинэчлэлийн үндсэн зорилго нь хүний эрх, эрх чөлөөг хангах явдал мөн гэж ил тодоор дурьдаагүй байна. Ерөнхийдөө ИЭ-ийн мөрийн хөтөлбөр “хямрал,” “сүйрэл,” “аврах,” “халан өөрчлөх,” “бүх намуудыг тарааж,” “зоригтой, эрс шийдэмгий алхам хийх,” “хуулийн ташуур,” “эмх цэгц, дэг журмыг хатуу, туйлбартай аргаар тогтоох,” “хуулийн диктатур” зэрэг маш их эмоц, зарим тохиолдолд хүчирхийллийн шинж агуулсан үгсийг нилээд хэрэглэсэн байгаа нь ИЭ нь “зоригтой, эрс шийдэмгий алхам” хийж, улс төрийн тогтолцоогоо шинэчлэх явцдаа хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хамгаалах, хүчирхийллээс ангид байж, аливаа зөрчлийг тайван замаар шийдвэрлэх зарчмыг хэр баримтлах бол гэсэн асуултыг төрүүлж байна.
Монголын нийгэм улс төрийн гүн хямралд орсон байгаа тул Монголын ардчиллыг гүнзгийрүүлэн бэхжүүлэх тууштай, цогц арга хэмжээ авах шаардлагатай байна гэсэн дүгнэлттэй санаа нийлэх боломжтой боловч энэхүү шинэчлэлийг аль болох тайван замаар, сэтгэл санааны болон бусад төрлийн хүчирхийллээс зайлсхийн байж хийх хэрэгтэй. Аливаа асуудлыг иргэдийн ухамсартай, бие биенээ хүндэтгэсэн оролцоонд түшиглэн, тайван замаар шийдвэрлэх нь хүмүүнлэг, ардчилсан нийгэм, хүний эрхэд суурилсан хандлагын суурь зарчмын нэг. Өөрөөр хэлбэл, нийгэм, нийгэм дэхь аливаа бүлэг, улс төрийн хүчний зорилго нь хүмүүнлэг, ардчилсан байгаад зогсохгүй уг зорилгод хүрэх арга зам, үйл явц нь мөн хүмүүнлэг, ардчилсан байх зайлшгүй шаардлагатай.
Цаашилбал, хэдийгээр ИЭ нь төрийн тогтолцоо, байгууллагуудыг иргэний хяналтан дор байлгаж, иргэндээ үйлчилдэг болгох зорилго тавьсан боловч “Монгол төрийн нэг гарт хуулийн ташуур, нөгөө гарт нь энэрэнгүйн аяга байх ёстой,” Монголын төр “нийгмийн эмзэг бүлгүүдээ хайрлан хамгаалж, энэрэнгүйн гараа харамгүй сунгах ёстой,” “төрийн хатуу, зөөлөн хоёр талыг зохистой хослуулах нь Монгол Улсын төрийн бодлогын гол зарчим байх ёстой” гэх зэрэг өгүүлбэр нь либерал зохицуулагч төр бус мөн л “халамжлагч, захирагч эцэг” буюу патерналист төрийн дүрийг илтгэж байна.
Төрийг патерналист байдлаар тодорхойлох нь төр, хууль, төрийн байгууллага, үйлчилгээ зэргийг иргэдээс ангид бөгөөд дээгүүр тавих суурийг бүрдүүлж, төрийн эрх мэдэл иргэдийн гарт байна гэсэн Үндсэн хуулийн үзэл санааг зөрчдөг. Төр нь нийт иргэдийн үзэл санаа, эрх ашгийг шударгаар тусгасан хуулийг хэрэгжүүлдэг, нийгмийн эв санааны нэгдэл, нэгдмэл эрх ашгийн илэрхийлэл болох нийгмийн халамж, үйлчилгээг иргэдэд үр дүнтэйгээр хүргэдэг, иргэдийн биеэ даан амьдрах боломжийг хангахад чиглэсэн механизм бус иргэдэд зааж зааварлаж, “төрийн” хуулийг зөрчсөнийг нь “хатуу” шийтгэн цээрлүүлж, сул доройг нь “хайрлаж хамгаалдаг” “хаан эцэг” мэт болж хувирдаг.
Түүнчлэн энэ загварын дагуу иргэдийн эрх, эрх чөлөө төдийлөн чухал биш, тэдний материалллаг нөхцөл байдлыг хангах нь төрийн гол анхаарах асуудал болж хувирдаг. Патерналист төрийн загвар угтаа элитист бөгөөд хүний эрх, эрх чөлөө, ардчиллын зарчмыг зөрчсөн байдаг. Энэ дүн шинжилгээний хүрээнд авч үзсэн зургаан намын тавых нь мөрийн хөтөлбөр цөм их, бага хэмжээгээр патерналист төрийн үзэл санааг агуулсан байгаа нь Монголын улс төрийн намуудын ардчилал, хүний эрхийн талаарх ойлголт, үзэл баримтлалын төлөвшил маш сул байгааг илтгэж байна.
Цаашилбал, ИЭ-ийн мөрийн хөтөлбөрт жендэрийн тэгш байдлыг дээшлүүлэх, эмэгтэйчүүдийн хүний эрх, эмэгтэйчүүдийн онцгой хэрэгцээг хангах, үндэсний цөөнхийн эрхийг хамгаалах зэрэг чухал асуудлуудыг огт хөндөөгүй байна. Гэхдээ гэр хорооллын иргэд, ахмад настнуудын амьжиргааг дээшлүүлэх талаар дурьдсан байна. Харамсалтай нь мөн л төрийн үйлчилгээ, дэд бүтцийг хөгжүүлэх гэхээс илүү бэлэн мөнгө тараах, үнэгүй цахилгаанаар хангах зэрэг арга хэмжээг л тусгасан байна.
Хүүхдийн талаар “хүүхэд бүрт нийгмийн хараа хяналтыг хүргэнэ” гэсэн нэг л өгүүлбэр байгаа бөгөөд энд “хараа хяналт” гэсэн хүний эрхийн мэдрэмжгүй үг хэллэг ашигласан байгаа нь харамсалтай. Хүүхдийг нийгмийн “хараа хяналтанд” байлгана гэдэг нь ихэнх тохиолдолд хүүхдийн эрх, эрх чөлөөг хязгаарлах, өмнөөс нь шийдвэр гаргах замаар тэднийг хамгаалж халамжлах гэсэн утгатай байдаг. Ардчилсан нийгэмд хүүхдийн хөгжлийг дэмжих болон эрх, эрх чөлөөг нь хамгаалах төрийн үйлчилгээ, тогтолцоо, халамж хамгааллын тухай ярих нь илүү тохиромжтой юм.
ИЭ-ийн мөрийн хөтөлбөр иргэний болон хүний эрхийн жендэрийн мэдрэмжтэй боловсролыг хөгжүүлэх асуудлыг тусгаагүй байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, үндэсний цөөнхийн хүний эрхийн талаар дурьдаагүй байна.
Хүний эрх, ардчилал, жендэрийн тэгш эрхийн үзүүлэлтүүдээр хамгийн сайн боловсруулсан мөрийн хөтөлбөр нь Монголын Ардчилсан Намын мөрийн хөтөлбөр байна. Тэрээр “Ардчилсан нам ард түмэндээ ээлтэй, ардчилал, хөгжил дэвшлийн төлөө улс төрийн хүчний хувьд...” “(ж)ам ёсны эрхээ эдэлсэн, эрх чөлөө, хувь заяандаа эзэн болсон Монгол хүн л тусгаар, бүрэн эрхт улс орныхоо хөгжил дэвшлийн баталгаа гэдэгт бид гүнээ итгэдэг,” “...(у)лс нийгмийн сүр хүчнээс илүүтэй хувь хүн, айл гэрийн аз жаргалыг эрхэмлэн” дээдэлж, “(и)ргэд өөрийн авъяас чадал, эрдэм билгээ өөрийнхөө сайн сайхны төлөө шударгаар зориулах боломжийг нээнэ” гэж гол үнэт зүйлс, итгэл үнэмшилээ тодорхойлжээ. Мөн “Монгол улсад шударга ёс тогтоох, иргэний нийгэм цогцлоон хөгжүүлэх нь Ардчилсан намын язгуур зорилт мөн” гэжээ. Ийнхүү хувь хүн, түүний эрх, эрх чөлөө, аз жаргалыг хамгийн эрхэм зорилгоо болгон тунхаглаж буй нь хүний эрх, ардчиллын зарчимтай бүрэн нийцэж байна.
МАН-ын мөрийн хөтөлбөр хүний эрхийг дээдлэх, ардчиллыг бэхжүүлэх, иргэний нийгмийг хөгжүүлэх, иргэний боловсрол олгох, иргэний эрх, эрх чөлөөг хангахын тулд шүүх тогтолцоог сайжруулах, иргэний нийгмийг хөгжүүлэх, “хууль зөрчсөн, эрх нь зөрчигдсөн хүүхэд, залуучуудад” чиглэсэн энэрэнгүй бодлого хэрэгжүүлэх, хүний эрхийг өмгөөлөх таатай орчныг бүрдүүлэх, гэр оронгүй хүмүүсийг гэр оронтой болгох, хот, хөдөөгийн оршин суугчдын тэгш эрхийг хангах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, орон нутгийн өөрөө удирдах ёсыг дэмжих зэрэг хүмүүнлэг, ардчилсан нийгмийг хөгжүүлэхэд чиглэсэн олон чухал зорилт тавьжээ.
Жендэрийн тэгш байдал, тэгш эрхийг хангах өнцгөөс авч үзэхэд МАН-ын мөрийн хөтөлбөр “төр, нийгмийн бүхий л салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг үл тэвчдэг соёлыг хэвшүүлнэ” гэсэн зорилтыг тодорхой тавьсан цорын ганц мөрийн хөтөлбөр байна. Энэ нь уг мөрийн хөтөлбөрийн маш чухал давуу тал боловч энэхүү зорилтонд хүрэх арга замын талаар нэг ч үг дурьдаагүй орхисон нь маш чухал сул тал байна. Тухайлбал, эмэгтэйчүүдийн оролцоог төр, нийгмийн бүхий л хүрээнд нэмэгдүүлэхийн тулд, ер нь жендэрийн шударга бус хандлага, тогтолцоог халахын тулд МАН ямар бодлого хэрэгжүүлэх нь тодорхойгүй байгаагаас үзэхэд дээрх зорилт тунхаглалын л шинж чанартай мэт харагдаж байна.
Ийнхүү эмэгтэйчүүдэд эрх, эрх чөлөөгөө эрэгтэйчүүдтэй нэгэн адил эдлэх боломжийг олгох нийгмийн халамж, үйлчилгээ, тухайлбал эцэг эхчүүдэд хүүхэд асрах чөлөө, тэтгэлэг олгох; эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн үүрэг, чадавхыг дээшлүүлэх сургалт, бодлого; нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах; хүүхдийн цэцэрлэг, ясли, сургуулийн тоо, чанарыг дээшлүүлэх; гэр бүлийн татварыг нэвтрүүлэх зэрэг олон чухал боломжийг анхаараагүй орхигдуулсан байна.
Түүнчлэн, иргэний боловсролын тухай дурьдсан сайн талтай боловч энэ хүрээнд хүний эрх, жендэрийн тэгш эрхийн тухай боловсролыг олгох талаар болон шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хэрхэн нэмэгдүүлэх талаар огт дурьдаагүй байна. МАН-ын мөрийн хөтөлбөр гэр бүлийн хүчирхийлэл болон жендэрт суурилсан бусад төрлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хохрогчдын эрхийг хамгаалах, хүчирхийлэл үйлдэгчдийн зан үйлийг өөрчлөх сургалт зэрэг чухал асуудлуудын талаар огт дурьдаагүй байгаа нь харамсалтай. Мөн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх бодлогоо танилцуулахдаа хүүхэд, эмэгтэйчүүдийн бэлгийн мөлжлөг, хүн худалдах гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх тухай дурьдах боломжийг огоорсон байна.
Бас нэг сул тал нь бага насны хүүхдүүдэд зориулсан боловсрол, хөгжлийн хөтөлбөрт дорвитой хөрөнгө оруулалт хийх талаар дурьдаагүй атал хүүхдийн мөнгийг үргэлжүүлэн олгох үр дүн муутай бодлогыг баримтлахаа танилцуулсан байна. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, үндэсний цөөнхийн эрхийг хамгаалах, онцгой хэрэгцээг нь хангах талаар дурьдаагүй нь чухал сул тал байна.
Монгол Ардын Хувьсгалт Нам “улс орноо хөгжүүлэх, үндэснийхээ аюулгүй байдлыг ханган бэхжүүлэх” явдлыг эрхэм зорилгоо гэж тодорхойлсон бөгөөд хүний эрх, жендэрийн тэгш эрхийг ханган хамгаалах тухай мөрийн хөтөлбөрийнхөө аль ч хэсэгт дурьдаагүй байна.
“Эрх зүйт төрийн төгөлдөршил” гэсэн есдүгээр бүлэгтээ эрх зүйн шинэтгэлийг үргэлжлүүлэх, хууль дээдлэх ёсыг хэвшүүлэх хүний аюулгүй байдлыг хангах төрийн үүргийг тууштай ханган биелүүлэх, төвлөрлийг сааруулж, нутгийн удирдлагын чадавхийг бэхжүүлэх зорилтуудыг танилцуулсан байна. Энэ хүрээнд хүний эрх, эрх чөлөөний зарчмын талаар огт дурьдаагүй нь харамсалтай.
Мөн энэ хүрээнд “(т)өр нь иргэддээ үйлчилж ил тод, шударгаар ажиллах, иргэд нь төрөө хүндэтгэж хууль ёсыг чандлан сахих явдлыг төр-иргэний харилцааны үндсэн зарчим болгон хэрэгжүүлнэ” гэсэн нь анхаарал татаж байна. Хүний эрх, эрх чөлөөнд суурилсан либерал ардчилсан тогтолцоонд иргэд төрөө хүндэтгэх явдлыг төрийн бодлогын түвшинд гаргаж ирдэггүй. Учир нь төр өөрөө иргэдээр хүндлүүлэх хэмжээнд үүргээ биелүүлж байх ёстой. Ийнхүү ажиллаж эс чадваас иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, эрх чөлөөгөө бүрэн эдэлж төрийн үйл ажиллагааг сонгосон хэлбэрээрээ шүүмжлэх эрхтэй.
Мөн хүний эрх, эрх чөлөөний зарчмыг бүдүүлгээр зөрчсөн, хувь хүний болон бүлэг хүмүүсийн зүй ёсны эрхийг хохироосон шударга бус хууль байгаа нөхцөлд тайван замаар эсэргүүцэл үзүүлэх, тэр дундаа тухайн хуулинд захирагдахаас татгалзах нь хүн төрөлхтний эрх чөлөө, шударга ёсны төлөө тэмцлийн түүхэнд түгээмэл хэрэглэж ирсэн тэмцлийн арга хэлбэр юм (үүнийг иргэний эсэргүүцэл, тайван эсэргүүцэл гэж нэрлэдэг). Тиймээс хууль тогтоох явцыг жинхэнэ ардчилсан, хүний эрхэд суурилсан болгох тал дээр дорвитой анхаараагүй байж хуулийг дээдлэх, хуулинд захирагдах, иргэдээр төрийг хүндлүүлэх асуудлыг дөвийлгөж тавих нь захиргаадлын шинжийг илтгэж байдаг.
МАХН-ын мөрийн хөтөлбөрийн нэг чухал сайн тал нь иргэдийн оролцоо, иргэний нийгмийн хөгжлийг тусгайлан анхаарсан явдал юм. Энэ хүрээнд МАХН нутгийн удирдлагын түвшинд шийдвэр гаргахад иргэдийн оролцоог хангах, гаргасан шийдвэрийг хүндэтгэх, иргэний нийгмийн бүх төрлийн байгууллагуудын үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх, иргэний нийгмийн байгууллагуудыг төрөөс дэмжих зэрэг чухал зорилтуудыг дэвшүүлсэн байна. Түүнчлэн, төрийн зарим фунцкийг иргэний нийгмийн байгууллагуудаар гэрээлэн гүйцэтгүүлнэ, нийгэмд тулгамдсан асуудлыг иргэний нийгэмтэй зөвшилцөх замаар шийдвэрлэнэ, иргэний нийгмийн байгууллагаас төрийн үйл ажиллагаанд хяналт тавих боломжийг бүрдүүлнэ, хувийн хэвшлээс иргэдэд үзүүлж буй хүмүүнлэгийн үйлсийг төрөөс дэмжинэ, иргэдийн мэдээллийн эрх чөлөөг хангах эрх зүйн орчинг бүрдүүлнэ, хэвлэл мэдээллийн байгууллагуудын тогтолцоог бэхжүүлэхэд анхаарна гэсэн дэвшилтэт санаанууд багтжээ.
Анхаарал татсан нэг зүйл бол “ажил мэргэжлийн чиглэлээр байгуулагдсан иргэний нийгмийн байгууллага дүрмээр хүлээсэн чиг үүрэгтэй хамаарах салбарынхаа үйл ажиллагааны төлөө хариуцлага хүлээх эрх зүйн орчин бүрдэнэ” гэжээ. Төрөөс ялгаатай нь иргэний нийгмийн байгууллагууд сайн дурын үндсэн дээр зохион байгуулагддаг бөгөөд тодорхой салбарын эрх зүйн хүрээ, бодлогын орчин, биет дэд бүтцэд нөлөөлөх эрх мэдэл, хүчин чадал тэдэнд байдаггүй. Энэхүү үүрэг бөгөөд эрх мэдэл зөвхөн төрийн байгууллагад байдаг. Тийм учраас зарчмын хувьд хариуцсан салбарынх нь хүрээнд ямар нэгэн иргэний нийгмийн байгууллагад төрөөс хариуцлага тооцно гэж байдаггүй. Хариуцлага тооцох шаардлага гарах тохиолдолд үүнийг төр бус тухайн байгууллагын гишүүд, ашиг шимийг хүртэгчид нь хийх ёстой. Эрүүгийн хариуцлагаас бусад нөхцөлд төрөөс иргэний нийгмийн байгууллагуудтай хариуцлага тооцох явдал үүсвээс энэ нь хүний жам ёсны эрх болох эвлэлдэн нэгдэх эрхийг, улмаар ардчиллын нэг чухал зарчмыг бүдүүлгээр зөрчсөн явдал болно.
Жендэрийн шударга ёсыг хангах өнцгөөс авч үзэхэд МАХН-ын мөрийн хөтөлбөр ҮШН-ын мөрийн хөтөлбөртэй нэгэн адил эмэгтэйчүүдийн хүний эрхийг ноцтой зөрчсөн утга санаа агуулсан байна. Тухайлбал “Хүн амын амьдралын чанарыг сайжруулах зорилт” гэсэн нэгдүгээр бүлгийн “Гэр бүл, хүүхдийг дэмжих бодлого хэрэгжүүлнэ” гэсэн дэд бүлэгт “...шинээр 3дахь хүүхдээ төрүүлсэн гэр бүлд 300 мянган төгрөгийг нэг дуаа, Алдарт эх-II одонтой эхэд 500 мянга, Алдарт эх-I одонтой эхэд 1 сая төгрөгийн тэтгэмжийг жил бүр олгоно” гэжээ. Энэ нь хүн амын механик өсөлтийг хангахын тулд эмэгтэйчүүдийг нөхөн үржихүйн машин мэт ашиглах социалист дарангуйллын тогтолцооноос улбаатай бодлогыг тод илтгэж байна.
Хувь хүний боломжийг өргөжүүлж, чадавхыг нь бэхжүүлэх, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн гэр бүл, нийгэм, эдийн засагт гүйцэтгэж буй үүргийг шударгаар хуваарилахад нөлөөлөх, эцэг, эхчүүдэд хүүхэд төрүүлж, эрүүл чийрэг өсгөхөд нь дорвитой тус болох боловсрол, эрүүл мэнд, соёлын үйлчилгээний тогтолцоог бэхжүүлэх замаар хүн амын амьдралын чанарыг ханган, хүний эрхэд суурилсан арга барилаар төрөлтийг өсгөх бодлого баримтлахын оронд хүн амын механик өсөлтийг хангахыг ихэд чухалчилж, хувь хүний, ялангуяа эмэгтэйчүүдийн эрх, эрх чөлөөг энэхүү зорилгынхоо төлөө золиослох бодлого баримтлах үзэл хандлага пост-социалист Монгол түгээмэл байсаар ирсэн. Эмэгтэйчүүдэд олон хүүхэд төрүүлснийх нь төлөө одон, медаль гардуулдаг хоёр л нийгэм хүн төрөлхтний түүхэнд байсан гэдэг: нэг нь фашист диктатур, нөгөөх нь социалист диктатур. Ардчилсан нийгэмд хүн амаа өсгөх бодлого баримтлахдаа эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхэд халддаггүй.
Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, олон удаа төрийн эрхийг барьж байсан, Монголын хамгийн том нам гэхэд МАХН-ын мөрийн хөтөлбөр ийнхүү жендэрийн тэгш эрх, эмэгтэйчүүдийн хүний эрхйиг зарчмыг бүдүүлгээр зөрчөөд зогсохгүй жендэрийн тэгш байдлыг сайжруулах, эмэгтэйчүүдийн хүний эрхийг ханган хамгаалах, эмэгтэйчүүдийн нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын бүхий л хүрээнд тэгш оролцох боломжийг нэмэгдүүлэх, охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг бууруулах, хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй иргэний боловсролыг бүхий л шатанд олгох зэрэг тухай нэг ч үг дурьдаагүй нь маш харамсалтай.
Хэдий тийм боловч МАХН-ын мөрийн хөтөлбөр эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засаг, улс төрийн оролцоог хангахад бодит үүрэг гүйцэтгэдэг “бага насны хүүхдийг асран халамжлах ясли, цэцэрлэгийн зэрэг байгууллагын үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх”-эд анхаарсан цорын ганц мөрийн хөтөлбөр байна. Энэ хүрээнд болон боловсролын тогтолцооны талаарх бодлогоо танилцуулахдаа ясли, цэцэрлэг, сургуулийн орчин дахь хүүхдийн эсрэг хүчирхийллийг эрс бууруулах, эцэг эхийн тэгш, идэвхтэй, хариуцлагатай оролцоог хангах, жендэрийн болон хүний эрхийн мэдрэмжтэй иргэний боловсрол олгох, сургалтыг ардчилах тухай дурьдсан бол илүү сайн байх байв. Ер нь МАХН-ын мөрийн хөтөлбөр хүүхдийн эрхийг хамгаалах тухай нэг ч дурьдаагүй байна.
Цаашилбал, МАХН-ын мөрийн хөтөлбөр ахмад настнууд, ажилгүйчүүдийн талаар товч дурьдсан боловч үндэсний цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг онцгой анхаарах шаардлагатай бүлгүүдийн хүний эрх, халамжийн талаар огт дурьдаагүй байна.
“Мөн шинээр гэр бүл бологсод, шинэ төрсөн хүүхдэд төрөөс олгож буй мөнгөн тэтгэмжүүдийг үргэлжлүүлнэ” гэж тухай бусад нам, эвслийн адил дурьдсан нь мөн л дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндийн тогтолцоонд дорвитой чанарын өөрчлөлт оруулахын оронд үр дүн муутай бэлэн мөнгө тараах “халамжлагч эцэг” төрийн бодлогыг дэмжсэн байна.
Дүгнэлт
2008 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөж буй нам, эвслийн мөрийн хөтөлбөрөөс зургааг сонгон, хүний эрх, жендэрийн тэгш эрх, ардчиллын хэм хэмжээний өнцгөөс дүн шинжилгээ хийлээ. Ерөнхийдөө эдгээр зургаан нам, эвсэл - ҮШН, БНН, ИЗН, ИЭ, МАН, МАХН – цөм жендэрийн мэдрэмж сул байгаа бөгөөд ҮШН, МАХН-ын тохиолдолд эмэгтэйчүүдийг нөхөн үржихүйн машин мэт ашиглах санаа агуулсан, ИЗН-ын тохиолдолд нөхөн үржихүйн үүргийг мөн л эмэгтэйчүүдэд түлхүү үүрүүлэх бодлого баримталж байна. МАХН-ыг эс тооцвол, нэг ч нам эмэгтэйчүүдийн нийгэм дахь тэгш оролцоог хангахад амин чухал үүрэгтэй ясли, цэцэрлэгийн үйлчилгээний тухай дурьдаагүй, ИЗН-ыг эс тооцвоос нэг ч нам эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэднийн үйлчилгээг анхаараагүй, мөн МАН-ыг эс тооцвоос нэг ч нам эмэгтэйчүүдийн төр, нийгэм дахь оролцоог хангах, охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх асуудлыг дурьдаагүй байна.
Цаашилбал, ИЗН, МАН-аас өөр ганц ч нам хүүхдийн эрхийг хамгаалах тухай дурьдаагүй. Ерөнхийдөө намууд нийгмийн эмзэг бүлгийхний хүний эрх, эрх ашгийг нь ханган хамгаалах талаар дорвитой бодлого боловсруулаагүй. Түүнчлэн аливаа ардчилсан нийгэмд онцгой анхаардаг үндэсний цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг онцгой хамгаалалт, дэмжлэг шаардсан бүлгүүдийн эрх, эрх ашгийн талаар нэг ч нам нэг ч үг дурьдаагүй байна.
ҮШН, БНН, ИЗН, МАХН нь хүний эрх, эрх чөлөөг хангахыг зорилго хэмээн дурьдаагүй, ҮШН, БНН, ИЗН нь ардчиллыг бэхжүүлэх, иргэний нийгмийн хөгжлийг дэмжихийг зорилгоо гэж тодорхой дурьдаагүй, МАН-аас өөр нэг ч нам иргэний боловсролыг бодлогын түвшинд гаргаж дэвшүүлээгүй байгаа нь зөвхөн 18 жилийн өмнө социалист дарангуйллын тогтолцооноос ардчилсан нийгэмд шилжиж эхэлсэн орны хувьд сэтгэл түгшээсэн үзэгдэл болоод байна.
АНУ, Канадын улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр
Монголын улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрүүдийг ардчилал илүү бэхжсэн гэж үздэг АНУ-ын 2004 оны үндэсний сонгуульд өрсөлдсөн Бүгд найрамдах нам, Ардчилсан нам болон Канадын 2006 оны сонгуульд өрсөлдсөн Шинэ ардчилсан нам, Ногоон нам зэргийн мөрийн хөтөлбөртэй товч харьцуулж үзье.
АНУ-ын Бүгд найрамдах нам мөрийн хөтөлбөрийнхоо оршил хэсэгт алсын хараа, эрхэм зорилгоо ийнхүү тодорхойлжээ: “бид өдөр бүр Линкольний эрхэм зорилгод хүрэхийн төлөө чармайн ажиллаж байна. Тэрээр хүн бүрийн мөрөөдлөө хөөх тэгш эрх, боломжийг хангасан эрх чөлөөтэй нэгдмэл орныг хүсэн мөрөөдөж байсан… Линкольний өв залгамжлагчид бид гэртээ болон хилийн чандад эрх чөлөөг хамгаалах нэгдмэл зорилготой.” Боловсролын тухай бүлгийнхээ эхэнд “Хүүхэд бүрт өндөр чанартай боловсрол олгох улсын боловсролын тогтолцоо нь эрх чөлөөт, иргэний нийгмийн үндэс суурь нь гэж бид итгэдэг” гээд хүүхдийн боловсролын амжилтын төлөө хүлээх хариуцлагын тогтолцоог сайжруулах, сургалтын оновчтой аргазүйг дэлгэрүүлэх, муж, орон нутгийн удирдлагад илүү эрх мэдэл олгох, эцэг эхчүүдийг хүүхдийх нь сургууль, сургалтын чанарын талаарх мэдээллээр үр дүнтэй хангах, хүүхэддээ сайн боловсрол олгох чадавхыг нь бэхжүүлэх зэрэг асуудлыг авч үзжээ. Ажилчдын эрхийг хангах тухай бүлэгтээ эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн цалингийн тэгш, шударга бодлого, эрүүл, аюулгүй, шударга хөдөлмөрийн нөхцлийг хангах, барилгын ажилтнууд болон сувилагч нарын илүү цагаар ажилсны хөлсийг шударгаар олгох зэрэг асуудлыг авч үзжээ.
Эрүүл мэндийн тухай бүлэгтээ “эмэгтэйчүүд эрүүл мэндийн онцгой хэрэгцээтэй” гэдгийг тэмдэглээд эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн судалгаа, эмчилгээ, урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг дэмжинэ гэжээ. Түүнчлэн өндөр настнуудын эрүүл мэндийн хэрэгцээг хангах талаар бодлогоо танилцуулсан байна. “Эрхээ хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, хохирогчдыг хамгаалах” гэсэн бүлэгт жирэмсэн эмэгтэйчүүдийг хамгаалах тухай тусгайлан дурьдсан байна. Түүнчлэн мөрийн хөтөлбөртөө хүн бүрт тэгш боломж олгох, үл ялгаварлан гадуурхах зарчмыг хэрэгжүүлэх тухай дэлгэрэнгүй өгүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, уугуул иргэдэд учирч буй саад бэрхшээлийг устгахад чиглэсэн арга хэмжээгээ танилцуулсан байна.
“Гэр бүлийг хамгаалах” тухай бүлэгт эцэг, эхчүүдэд хүүхдээ халамжлан өсгөхөд нь дэмжлэг үзүүлэх, эрүүл гэрлэлтийг дэмжиж, хүмүүсийн биеэ даах чадварыг бэхжүүлэхийн тулд сургалт, тээвэр, хүүхдийн өдөр өнжүүлэх үйлчилгээг хөхүүлэн дэмжих, хүүхдийг асран халамжлахад аав нарын оролцоог нэмэгдүүлэх, хүүхэд өргөж авахыг дэмжих, ажлын цагийн хуваарийг илүү уян хатан болгох, хүүхдийг хүчирхийллээс хамгаалах зэрэг бодлогоо танилцуулсан байна.
АНУ-ын Ардчилсан нам мөрийн хөтөлбөрийнхөө удиртгалд “тэгш эрхийн хүрээг тэлж, эрх чөлөөний ариун нандин чанарыг хамгаалах” Америк нийгмийн үнэт зүйлсийг дээдлэж байгаагаа тунхаглаад “Ардчилал, энх тайван, хүний эрх, аюулгүй байдал” гэсэн бүлэгтээ “ардчилал, хүний эрх, эрх зүйт төрийг хөхүүлэн дэмжих нь бидний аюулгүй байдлыг удаан хугацаанд хамгаалахад амин чухал үүрэгтэй” гэжээ. Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн тухай бүлэгт өндөр настан, хөгжлийн бэрхшэлтэй иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжийг баталгаажуулж, нэр төртэй амьдрах эрхийг нь хангах тухай болон нийгмийн бүлгүүдийн хоорондын эрүүл мэндийн тэгш бус байдлыг арилгах, хүүхэд бүрийг чанартай эрүүл мэндийн үйлчилгээгээр хангах зэргийн талаар дурьджээ.
Боловсролын тухай бүлэгт боловсролын чанарыг дээшлүүлэх, багш нарын цалинг нэмэгдүүлэх, эцэг эхчүүдийн хүүхдийнхээ боловсролд оролцох эрхийг хангаж, оролцоог нь нэмэгдүүлэх, боловсролын тэгш бус байдлыг арилгах, коллежийн боловсролын зардлыг боломжийн хэмжээнд хүргэх, сайн иргэн байх, сайн хүн байх үнэт зүйлсийн боловсролыг олгох зэрэг бодлогоо танилцуулсан байна. “Хүчирхэг Америк нийгэм” гэсэн бүлэгт иргэний эрхийг дээдлэх зарчмыг чанд сахих, аливаа ялгаварлан гадуурхалтын эсрэг тэмцэх, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн хөдөлмөрийн хөлсний шударга бус зөрүүг арилгах, иргэний тэгш эрх, сонгуулийн шударга тогтолцоо, сонгогчдын эрхийг хамгаалах, эмэгтэйчүүдийн бие даасан байдал, хувийн нууц, хүний эрхийг хүндлэн хамгаалах, бэлгийн альтернатив баримжаатай хүмүүсийн тэгш эрхийг хүндлэх, хуулийн өмнө тэгш байх, Америкийн индианчуудын эрхийг хүндлэх зэрэг үнэт зүйлсээ тунхаглажээ.
Канадын Шинэ ардчилсан нам болон Ногоон нам нь мөрийн хөтөлбөрүүдээ мөн л ардчилал, хүний эрхийг эрхэмлэсэн байдлаар боловсруулсан байсан бөгөөд Канадын ардчилал, сайн засаглал, сонгуулийн шударга тогтолцоог бэхжүүлэх, төрийн ил тод байдлыг хангах тухай тодорхой бичсэн байсан нь сонирхол татсан юм. Ногоон нам Канадын мажоритари тогтолцоог пропорциональ болгон шинэчлэхийг санал болгож, пропорциональ тогтолцоо нь нийгэм дахь олон ургальч үзэл, эрх ашгийн төлөөллийг илүү ардчилсан байдлаар, илүү бүрэн дүүрэн хангахаас гадна эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, төлөөллийг нэмэгдүүлэхэд илүү ээлтэй гэж тэмдэглэжээ.
Энэ хоёр намын нийгмийн үйлчилгээний бодлого нь өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд түлхүү чиглэсэн байна. Татварын бодлого нь нийгмийн шударга ёсыг хангах, орлого багатай иргэдийг дэмжих, байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлэхэд чиглэсэн байсан бөгөөд жижиг, дунд үйлдвэрийг дэмжих бодлогын багцыг санал болгосон байв.
Энэ хоёр нам хоёулаа хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, хөгжлийг хангах, хүүхдийн эрхийг хамгаалах асуудалд тусгайлан анхаарсан байна. Ингэхдээ хүүхдийн өдөр өнжүүлэх үйлчилгээг өргөжүүлэх бодлогыг эмэгтэйчүүдийн эдийн засаг, нийгэм дахь оролцоог дэмжих бодлоготой уялдуулан чухалчилжээ. Тухайлбал, Шинэ ардчилсан нам нь ашгийн төлөө бус, лицензтэй, чанартай үйлчилгээ үзүүлдэг ясли, цэцэрлэгийг хөхүүлэн дэмжинэ гэж зарлажээ.
Аль аль нам нь эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн цалингийн шударга бус зөрүүг арилгах, адилхан ажлын төлөө адилхан хөлс авах зарчмыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн орлогын баталгаатай байдлыг хангах даатгалын тогтолцоог сайжруулах зэргийг дурьдсан байна. Ногоон нам нь ганц бие эхчүүдийн хүүхдийнхээ хэрэгцээг хангах тэгш боломжийг хангах, өрх толгойлсон эхтэй гэр бүлийг ядуурлаас хамгаалахад тусгайлан анхаарсан байна.
Ногоон намын мөрийн хөтөлбөрийн нэг онцлог нь “Эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангах, эмэгтэйчүүдийг хүндэтгэх” гэсэн тусгай хэсгийг багтаажээ. Энэ хэсэгт Канадын нийгэм жендэрийн тэгш эрхийг хангах чиглэлд нилээд ахиц гаргаж ирсэн боловч жендэрийн тэгш эрхийг бүрэн хангахын тулд жендэрийн стереотипууд, охид, эмэгтэйчүүдийн бэлгийн мөлжлөг, ажлын байран дахь сексизм, ялгаварлан гадуурхалт, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг хүлээн зөвшөөрөх хандлага зэргийг устгахын тулд тууштай арга хэмжээ авах шаардлагатай байна гэж тэмдэглэсэн байна.
Энэ зорилгод хүрэхийн тулд:
Шинэ ардчилсан намын мөрийнхөтөлбөрийн нэг чухал онцлог бол “Хүчирхийллийг устгах” гэсэн тусгай хэсэг. Энэ хэсэгт гэмт хэргийн түвшнийг бууруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхэд залуучуудын сургалт, боловсрол, хөгжилд анхаарах, хүмүүсийн амьжиргааны түвшинг сайжруулах зэргийн талаар дурьдахын зэрэгцээ эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх тухай тусгайлан тэмдэглэсэн байна.
Түүнчлэн Канадын хоёр нам үндэсний цөөнх болох уугуул иргэд, индианчуудын эрхийг хангах талаар мөн тодорхой дурьдсан байна.
Ийнхүү АНУ, Канадын улс төрийн намууд ардчилал, хүний эрх, тэгш эрхийг эрхэмлэсэн, хүний эрхэд суурилсан байдлаар мөрийн хөтөлбөрүүдээ боловсруулж, нийгмийн хүрээнд шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн бүхий л асуудлыг шийдвэрлэх бодлогоо толилуулсан байна. Ингэхдээ жендэрийн тэгш эрх, эмэгтэйчүүдийн хүний эрхийг тусгайлан анхаарч, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн хэрэгцээг хангах, жендэрт суурилсан ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд асран халамжлахад эрэгтэйчүүдийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх зэрэг бодлогыг дэвшүүлсэн байна.
Гэр бүл, төрөлтийг дэмжих бодлого нь хүүхдийн дээд ашиг сонирхлыг чухалчилсан бөгөөд бэлэн мөнгө, эд материалын зүйл тараахаас илүү татварын зохицуулалт, урамшуулал болон нийгмийн оновчтой, чанартай үйлчилгээгээр дамжуулан хэрэгжүүлэх арга замд суурилсан байна.
Мөн иргэний боловсрол, иргэний нийгмийн хөгжил, ардчилал, сайн засаглал, төрийн хариуцлагатай, ил тод байдлыг дээшлүүлэхэд нилээд анхаарахын зэрэгцээ онцгой дэмжлэг, халамж шаардсан өндөр настан, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, үндэсний цөөнхийн эрхийг хамгаалах, тэдний дарамт хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас ангид, нэр төртэй амьдрах боломжийг хангахад анхаарсан байна.{joscommentenable}