Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх үйл явц зохих журмын дагуу маргаангүй болж өнгөрөв

УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойргийн 50 дугаар хэсгийн хороонд Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байгаа сонгогчид, УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойргийн 25 дугаар хэсгийн хороонд Албадан саатуулах, баривчлах төв буюу Дэнжийн мянгын 111-д саатуулагдаж байгаа сонгогчид 6 дугаар сарын 27-ны өдөр зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өглөө. Энэ үйл ажиллагааг Шударга сонгуулийн  төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээний гишүүн Филантропи хөгжлийн төлөө төвийн ажиглагчид хянаж ажиглалт хийлээ.

25 дугаар тойргийн 50 дугаар хэсгийн хороонд Цагдан хорих төвөөс 228 сонгогчийн нэр ирснийг иргэний бүртгэлийнхэн шалгаад иргэний үнэмлэх болон цахим үнэмлэх бүхий 120 хүнийг санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэсэн байв. Мөн хэвтрийн өвчтэй 14 хүн зөөврийн хайрцгаар санал өгөхөөр бүртгүүлсэн байлаа. Гэвч санал авах өдрийн өмнөх өдрийн байдлаар 11 сонгогч Цагдан хорих төвөөс суллагдсан буюу шилжсэн байв. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар Цагдан хорих төвөөс 109, энгийн 14 иргэн нийлээд 123 сонгогч санал өглөө. Хэсгийн хорооноос 2 зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал хураах ажлыг зохион байгуулсан бөгөөд Цагдан хорих төвд намуудын 3, гадаадын 6, дотоодын байгууллагын 1 ажиглагч ажиллаж хяналт тавьсан.

Цагдан хорих 461 дүгээр ангид сэжигтэн, ялладагч, шүүгдэгч болон анхан шатны шүүхээр таслагдаад ял сонссон бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад хүлээж байгаа хүмүүс сонгогчдын нэрийн жагсаалтад багтсан байлаа. Хуульд зааснаар шүүхээр гэм буруутай нь нотлогдон хорих ял эдэлж байгаа иргэд санал өгөх эрхгүй. Үүнийг хэсгийн хорооны хүмүүсээс тодруулахад жагсаалтад нэр нь байгаа, энэ ангиасаа ачигдаагүй тул санал өгч болно гэсэн тайлбар өгсөн. Харин Цагдан хорихын төвийнхний зүгээс шүүхээс хэдийгээр ял авсан ч давж заалдсан учраас шүүхийн санал өгч болно гэсэн тайлбар өгч байв. 

Цагдан хорих төвд нийт 150 саналын хуудас хуваарилсан. Зөөврийн хайрцгаар нийт 108 хүн санал өгсөн ба 1 хүн шилжсэн байлаа. Санал хураах явцад нэг саналын хуудас хүчингүй болж, 41 саналын хуудас зарцуулагдаагүй буцсан.

24 дүгээр тойргийн 25 дугаар хэсгийн хороонд нэг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал хураасан бөгөөд Албадан саатуулах баривчлах төвөөс 85 сонгогчийн нэр ирснийг иргэний бүртгэлийн байгууллага шалгаад 71 сонгогч санал өгөх боломжтой гэж нэрийн жагсаалтад бүртгэсэн байна. Үүнээс 69 сонгогч санал өгсөн ба 2 нь суллагдсан байлаа.

Зөөврийн битүүмжилсэн хайрцгийг тус бүр 5 лацаар лацдаж лацны дугааруудыг ажиглагчид тэмдэглэж авсан. Зөөврийн хайрцгаар санал хураах үйл явцад аливаа зөрчил будлиан болон маргаан гараагүй.

Филантропи хөгжлийн төлөө төв ТББ-ын тэргүүн Ч.Мөнхцэцэг

Сонгууль