Төрийн аудитын дээд байгууллага зардлын тайланг хүлээн авсан өдрөөс хойш 60 хоногийн дотор хянаж, дүнг нийтэд мэдээлэх бөгөөд нэг сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, хоёр сая ба түүнэ
“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ”-ний гишүүн байгууллага болох Глоб интернэшнл төв нь МУ-ын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн сурталчилгаанд телевизийн мониторинг хийж Сонгуулийн тухай хууль болон СЕХ, ХХЗХ-оос хамтран баталсан журмын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.
Мониторингийн зорилго нь МУ-ын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн сурталчилгааны үеэр ХМХ-ийн гүйцэтгэх үүргийг сайжруулах, ХМХ-ээр явуулж буй сурталчилгааны тэгш, тэнцвэрт байдал хэрхэн хангагдаж буйг олон нийтэд ойлгуулах, далд сурталчилгааг илрүүлэх, Сонгуулийн тухай хууль болон ХХЗХ, СЕХ-ны хамтран баталсан “Радио телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих” журмын хэрэгжилтэд хяналт тавих явдал юм.
МУ-ын Ерөнхийлөгчийн 2017 оны телевизийн мониторингд МҮОНТ, ТV9, 25 дугаар суваг, С1, UBS гэсэн 5 телевизийг хамруулахаар сонгов. Дээрх телевизүүдийг сонгохдоо Хэвлэлийн хүрээлэн, Максима ХХК-ны 2016 оны судалгаанд суурилж, олон нийтийн санхүүжилт ашигладаг, хамгийн хүртээмжтэй, орон даяар цацагддаг, агаарын долгион ашигладаг, үзэгчдийн тоо, рейтинг өндөр, цаг үеийн мэдээний хөтөлбөр нэвтрүүлдэг, зах зээлд 4-өөс дээш жил оршин тогтносон, нэр дэвшигчийн хамаарал зэрэг шалгуурыг үндэслэв.
Телевизүүдийн сөрөг өнгө аястай мэдээлэл нэмэгдэж байна.
Сурталчилгааны 2 дугаар үе буюу 2017 оны 06 сарын 10-14
1. Тайлангийн хугацаанд 5 телевизийн 359 цаг 38 минут 17 секундын нэвтрүүлэгт мониторинг хийснээс 24 цаг 56 минут 40 секунд нь сонгуультай холбоотой мэдээлэл байв. Энэ нь нийт эфирийн 7%-ийг эзэлж байна.
2. МҮОНТ нэр дэвшигчдэд ялгавартай цаг хуваарилжээ. Тухайлбал АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нэр дэвшигчидтэй холбоотой мэдээллийн 40%-ийг эзэлсэн бол МАХН-ын нэр дэвшигч С.Ганбаатарт 33%, МАН-аас нэр дэвшигч М.Энхболдод хамгийн бага буюу 27%-тай тэнцэх цаг оногджээ. Арилжааны телевизүүдийн цаг хуваарилалтад өөрчлөлт орсон боловч өнгө аясын хувьд эрс ялгаатай мэдээлж байна.
Мониторингийн нэгдүгээр үед “ТV9” телевизийн мэдээлэлд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын мэдээлэл, “С1” телевизийн мэдээлэлд АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын мэдээлэл, “UBS" телевизэд МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын мэдээлэл давамгайлж байсан бол мониторингийн хоёрдугаар үед энэ байр өөрчлөгдөн МАН-ын нэр дэвшигч М.Энхболдын мэдээлэл “ТV9” телевизэд 45% хувиар, “С1” телевизэд 51%-иар давамгайлжээ. Харин АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын мэдээлэл UBS телевизэд 36%, 25 дугаар суваг телевизэд 46%-ийг эзэлсэн юм.
МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын мэдээлэл арилжааны бусад телевизүүдэд 28-33%-ийг эзэлсэн бол С1 телевиз дөнгөж 1%-тай тэнцэх цаг оноожээ.
3. Төвийг сахисан өнгө аястай мэдээлэл улам бүр буурч сөрөг хандлагатай мэдээлэл нэмэгдэж байна. МҮОНТ-ийн төвийг сахисан өнгө аястай мэдээлэл буурч 17% болов. Таван телевизийн дунджаар магтаж сайшаасан өнгө аястай мэдээлэл 67%-иар давамгайлж байна. МҮОНТ-ийн мэдээллийн 68% нь эерэг хандлагатай байсан бол “UBS” телевизийн мэдээллийн 93% нь магтаж сайшаасан өнгө аястай байсан нь хамгийн өндөр үзүүлэлт юм. Харин “С1” телевизийн сөрөг өнгө аястай мэдээлэл хоёр дахин нэмэгдэж 50% хүрэв.
4. Таван телевизийн дунджаар захиалгатай, төлбөртэй нэвтрүүлгийн цаг 5 орчим пунктээр буурч 52.8% болов. МҮОНТ-ийн нийт сонгуулийн холбогдолтой мэдээллийн 71%-ийг захиалгат нэвтрүүлгийн цаг эзэлж байна. Арилжааны телевизүүдээс хамгийн их захиалгатай, төлбөртэй нэвтрүүлгийг “UBS” телевиз нэвтрүүлсэн нь 67% болжээ.
4. Арилжааны телевизүүдэд далд сурталчилгааны шинжийг агуулсан мэдээллийн цаг буурсан бол МҮОНТ-д далд сурталчилгааны шинжийг агуулсан мэдээлэл шинээр илэрч 6%-д хүрэв. С1 телевизийн далд сурталчилгааны шинжийг агуулсан мэдээлэл өмнөх үеэс буурсан боловч 35%-ийг эзэлж байгаа нь бусад телевизүүдтэй харьцуулахад хамгийн өндөр үзүүлэлт юм.
Далд сурталчилгааг хэлбэрийн хувьд авч үзвэл Сонгуулийн тухай хуулийн 70.12-т заасныг зөрчсөн, хуулийн зүйл заалтад тусгагдаагүй ч, олон улсын хэм хэмжээгээр далд сурталчилгааны хэв шинжийг агуулсан мэдээлэл ихээр илрэв.
5. Сонгогчдын боловсролд зориулсан мэдээллийн хэмжээ арилжааны телевизүүдэд нэмэгдэв. Харин МҮОНТ-ийн сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл буурч 23%-д хүрчээ. Хамгийн их сонгогчдын боловсролд зориулсан мэдээллийг С1 телевиз бэлтгэсэн нь тус телевизийн нийт сонгуультай холбоотой мэдээллийн 44%-ийг эзэлж байна. Сонгогчдын боловсролд зориулсан мэдээллийг агуулгын хувьд ангилан үзвэл гол төлөв гурван нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны кампанит ажил явагдаж буйтай холбоотой байна. Тухайлбал нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хараат бус, хөндлөнгийн шинжээчээр тайлбарлуулж, үнэлэлт дүгнэлт хийлгэсэн, нэр дэвшигчдийн төлөөлөл тэгш эрхтэйгээр мэтгэлцсэн зэрэг мэдээлэл дутмаг байна.
6. Сонгуулийн тухай хуулинд заасан цагийн хязгаарлалт буюу 82.5-т заасныг зөрчсөн тохиолдол илрээгүй. Харин 82.6, 82.14 дахь заалтуудыг зөрчих тохиолдол огцом нэмэгдэж байна.
Глоб Интернэшнл төв
Утас: 324627, 324764, 99170361