2012 оны УИХ-ын сонгуулийн Саналын хуудасны мониторингийн урьдчилсан дүн

УИХ-ын сонгуулийн хуулийн саналын хуудастай холбоотой зохицуулалт болон, СЕХ-ноос баталсан “УИХ-ын сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журам”-ын хэрэгжилтийг хянах, саналын хуудас алдагдах болон бусад зөрчил, будлиан гарахаас сэргийлэх, улмаар энэ асуудалтай холбоотой  аливаа үндэслэлгүй хардлага сэрдлэг үүсэхээс сэргийлж бодитой мэдээлэл олон нийтэд хүргэх нь энэхүү мониторингийн гол зорилго болно.  Саналын хуудасны мониторингийг сүлжээний гишүүн Сонгогчдын боловсрол төв хариуцан гүйцэтгэсэн ба төслийн хүрээнд саналын хуудсыг хэвлэхээс эхлэн, хадгалах, хамгаалах, зарцуулах (ялангуяа нөөц саналын хуудас) саналын хуудсыг архивт шилжүүлэн өгөх үйл явцыг хамруулан хяналт тавьсан юм.
 
Энэ хүрээнд саналын хуудсыг хэвлэх компанийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулахаас эхлэн саналын хуудсыг архивлах зэрэг бүхий л үйл явцад хөндлөнгийн ажиглалт, мониторинг хийж байна. Мөн уг мониторингийн хүрээнд саналын хуудсыг хүргүүлэх, хадгалалт, хамгаалалт, зарцуулалт, архивлах үйл явцтай холбоотой хэсгийг УИХ-ын сонгуулийн 19 болон 24 дүгээр тойргийг сонгон хэрэгжүүлсэн болно.

Нэг. Саналын хуудас хэвлэх, хадгалах, хамгаалах үйл явцын мониторинг

Саналын хуудсыг хэвлэх компанийг сонгон шалгаруулах үйл ажиллагаа: УИХ-ын сонгуулийн саналын хуудсыг хэвлэх компанийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг автомат төхөөрөмж нийлүүлж буй АНУ-ын Dominion Voting Systems /ДВС/ компани Монголын хэвлэлийн компаниудын дунд 2012 оны 02-03 сард зохион байгуулсан. Уг сонгон шалгаруулалт 3 үе шаттайгаар хийгджээ. Сонгон шалгаруултын 1-р шатанд Адмон ХХК, Мөнхийн Үсэг ХХК болон Үндэсний үнэт цаас ХХК-ууд шалгарсан байна. ДВС компанийн гаргасан саналыг үндэслэн 1-р шатанд шалгарсан дээрх гурван компаниас Мөнхийн Үсэг групп” ХХК-аар хэвлүүлэхээр СЕХ 03 дугаар сарын 23-ны өдөр гэрээ байгуулах шийдвэр гаргасан байна.   

ДВС-ний зүгээс Сонгуулийн саналын хуудас хэвлэж байсан туршлага, үйлдвэрийн талбай, цэвэр байдал, баглалтын талбай, хаягдлыг устгах зайлуулах, нэмэлт цахилгаан эх үүсвэр, машины зогсоол, агуулах мөн үйлдвэрлэлийн төхөөрөмжүүд зэрэг шалгуурыг гол болгон шалгаруулсан бөгөөд эдгээрээс дээрх шаардлага нөхцлийг хамгийн сайн хангасан хэмээн үзэж Мөнхийн Үсэг ХХК-ийг сонгон саналын хуудсыг хэвлүүлэх санал, дүгнэлтийг гаргасан гэжээ.

УИХ-ын сонгуулийн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.15-д “Сонгуулийн ерөнхий хороо, ... хуваарилагдсан төсвийн хөрөнгийн хэмжээнд сонгуулийг зохион байгуулахтай холбогдуулан хувь хүн, хуулийн этгээдтэй сонгон шалгаруулалтгүйгээр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулах ба энэхүү үйл ажиллагаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зохицуулалтанд хамаарахгүй” гэжээ. Ийнхүү хуулиар ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр шууд худалдан авах эрх олгосон нь “худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх” боломжгүйд хүргэж байна. Түүнчлэн саналын хуудсыг хэвлэх компанийг сонгон шалгаруулж буй шалгуур үзүүлэлт нь зөвхөн техникийн үзүүлэлт байсан бөгөөд улс төрийн хувьд хараат бус байх, олон нийтийн итгэлийг бий болгох, хадгалах, сонирхлын зөрчлөөс сэргийлэхэд чиглэсэн тодорхой шалгууруудыг багтааж байх нь зүйтэйг энэ удаагийн сонгон шалгаруулалт харууллаа. Өөрөөр хэлбэл, Саналын хуудсыг хэвлэх эрх авсан “Мөнхийн үсэг” группийн Удирдлагын зөвлөлийн дарга нь УИХ-ын сонгуульд намын жагсаалтаар нэр дэвшин өрсөлдөж байгаа нь сонгуульд оролцож буй талуудын сонгуулийн үйл явцад итгэх итгэл алдрахад хүргэж болзошгүй гэж үзлээ.

Саналын хуудсыг хэвлэх үйл явцын ажиглалт: Мөнхийн Үсэг хэвлэлийн компанийн зүгээс саналын хуудсыг Сонгуулийн Ерөнхий Хорооны захиалсан тоо ширхэгийн дагуу хэвлэж 06 сарын 19 гэхэд СЕХ болон Тойргийн хороодод хүлээлгэн өгч дууссан. Саналын хуудсыг хэвлэх үйл явц нь ажиглагчдад нээлттэй байж, мэдээлэл авах боломжийг сонгуулийн хууль тогтоомж болон үйлдвэрийн дотоод журмын хүрээнд ханган ажилласан.

2012 оны УИХ-ын сонгуулиар улсын хэмжээнд 26 тойргийн 1,935,329 ширхэг саналын хуудас хэвлэсэн. Үүнээс орон нутагт 55.77% \1,079,477ш\, Нийслэлд 43.98% \851,305ш\, гадаад байгаа сонгогчдын санал авахад 0.23% \4,547 ш\-ийг тус тус эзэлж байна. Энэ нь нийт сонгогчдын тооноос 5%-ийн илүү нөөц тоог оруулсан дүн болно. Сонгуулийн жил тутам сонгогчдын идэвхи, оролцоо буурч буй энэ үед цаашдаа саналын хуудсыг нөөцтэй хэвлэх асуудлыг анхааралдаа авч, бусад улс орнуудын адил саналаа өгөх сонгогчдын тоонд үндэслэн хэвлэх тоог тогтоох нь эдийн засгийн хувьд хэмнэлт бий болгох, зарцуулаагүй саналын хуудас олноор үлдэхтэй холбоотой үүдэн гарах аливаа маргаанаас зайлсхийх боломжтой гэж үзлээ.

Саналын хуудас хэвлэх, хүлээлгэн өгөх үйл явцад Сонгуулийн ерөнхий хороо, Нийслэлийн сонгуулийн хорооны ажлын хэсгийн гишүүд хяналт тавьж ажилласан бол Төрийн тусгай хамгаалалт, Тагнуулын ерөнхий газар болон үйлдвэрийн хамгаалалтын алба /Илд Бамбай/ нь хэвлэх үйл явцын аюулгүй байдлыг ханган ажилласан. Мөн МАН, АН, МАХН, ИЗНН, НН зэрэг улс төрийн нам, эсвлийн ажиглагчид болон “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээний гишүүн Сонгогчдын Боловсрол Төв зэрэг байгууллагууд тус тус ажиглалтаа хийсэн.

Саналын хуудсыг хэвлэх, үйлдвэрийн байранд хүлээлгэн өгөх үйл явцыг бүхэлд нь авч үзвэл хууль зөрчсөн болон ноцтой алдаа дутагдал ажиглагдаагүй болно.

Саналын хуудсыг хэвлэсэн цаасны онцлог, холбогдох мэдээлэл: Сонгуулийн Ерөнхий Хороо 72 ширхэг хайрцаг цаасыг Канадын компаниас худалдан авсан. Уг цаас нь баглаа битүүмжлэлийн хувьд 3 давхар, гадна талаасаа харагдах байдал нь нарийн төмрөөр 2 удаа ороосон, цагаан өнгийн модон хайрцагтай, хайрцагны дотуур тунгалаг гялгар уутаар битүүмжилсэн байдалтай байсан. Хайрцаг бүрийн гадна талд тухайн цаасны үзүүлэлт холбогдох мэдээллийг бичсэн. Тухайлбал, нэг ширхэг цаас бүрийн жин: 161,8g/m2, хэмжээ: 94х74см, цагаан өнгөтэй. Хайрцаг нь 1-72 хүртэл дугаартай 72 ш, хайрцаг тус бүрд 4750 ширхэг цаас савлагдсан. Худалдан авсан нийт цаасны нөөцийг тооцож үзвэл 72*4750=342000 ширхэг болж байна. Нэг ширхэг цаасанд тухайн тойргоос хамааран 8-9 ширхэг саналын хуудас хэвлэгдсэн. Цаас нь нууцлалын хувьд дэлхийн бөмбөрцгийн дүрс бүхий усан хээтэй \үл ялиг товгор\ байсан.

Бэлэн болсон саналын хуудасны баглаа боодол, битүүмжлэлийн найдвартай байдал: Сонгуулийн Ерөнхий Хороо болон Тойргийн хороодод хүлээлгэн өгсөн саналын хуудас нь нийт 4 давхар баглаа битүүмжлэлтэй. Гараар болон автомат жин хэмжигчээр тоологдож 200 ширхэгээр багцлагдсан саналын хуудсыг 1.тунгалаг гялгар уутаар бүрж вакуумдах, 2.цаасан хайрцагт хийх, 3 хайрцагны амсрыг улаан туузан скочоор наах, 4 цагаан өнгийн туузаар ороох зэрэг болно.

Саналын хуудас нугалрах, норох зэрэг гадны нөлөөллийн улмаас гэмтсэн тохиолдолд төхөөрөмж уншихгүй учир ашиглах боломжгүй болох юм. Энэ удаагийн сонгуулиар баглаа, савлагаанаас хамаарсан дээрх эрсдэл гараагүй хэдий ч баглаа битүүмжлэл нь тухайн эрсдлийг бүрэн хамгаалах хэмжээнд биш байсан хэмээн ажиглагчийн зүгээс үзэж байна. Тухайлбал, урьдчилан тооцох боломжгүй байгалийн гэнэтийн зүйл болох гал, усны аюултай үзэгдлийн үед дээрх баглаа битүүмжлэл хангалтгүй байна.

Саналын хуудсыг хэвлэх, зүсэлтийн өмнөх тооллого, савлах зэрэг үйл явцыг ажиглагчид чөлөөтэй харах боломжтой ч зүсэлтийн дараах гар тооллого, гэмтэл шалгах болон ДВС компани тестлэх үйл явцуудыг хязгаарлагдмал орчноос ажиглаж байсан. Мөн хэвлэх явцад үйлдвэрийн хадаас буюу ажиглагчид тайлбарласнаар запаас цаасны тоо хэт олныг хэвлэж устгалд оруулж байсан нь зарим нэг алдаа дутагдлын улмаас саналын хуудсыг дахин хэвлэх тохиолдлуудад цаасны нөөц хүрэлцэхгүй байх эрсдэл үүсч болзошгүй байсан.

Хэвлэгдсэн саналын хуудас нь хайрцаг бүрд 1200 ширхэгээр савлагдсан /200ш бүхий 6 багц/. Өөрөөр хэлбэл саналын хуудсыг 200 ширхэг бүрээр нь гялгар уутанд вакуумдан багцалсан бөгөөд ийм 6 ширхэг багцыг нэг хайрцагт савласан. Хайрцагны гадна саналын хуудасны тоо ширхэг, жин, хайрцгийн дугаар, орон нутаг болон тойргийн дугаар зэрэг мэдээлэл бүхий стикерийг хайрцагны гаднах 2 талын гадаргууд нааж байрлуулсан нь тодорхой харагдахуйц байж чадсан.

Саналын хуудсыг хэвлэх үйл явцын талаарх мэдээлэл: УИХ-ын сонгуулийн саналын хуудсыг хэвлэх үйл ажиллагаа хуулийн дагуу үргэлжлэн явагдсан бөгөөд хэвлэх үйл явцад зохион байгуулалттай холбоотой зарим нэг өөрчлөлт, бэрхшээлүүд гарсан. Тухайлбал,

  1. Нийслэлийн сонгогч 5526-аар нэмэгдсэн. 06 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн сонгогчдын тоо 5526-аар нэмэгдсэн тул энэ дагуу саналын хуудасны тоо ширхэгт мөн өөрчлөлт оруулсан. 
  2. Саналын хуудсыг дахин хэвлэсэн. Зарим тойргийн саналын хуудаст үсний ширхэг наалдан хэвлэгдсэн. Эдгээр саналын хуудсыг ашиглах боломжгүй тул дахин хэвлэсэн. Орхон, Сэлэнгэ, Дорнод аймгуудын нийт 28,346 ширхэг саналын хуудсыг уг шалтгаанаар дахин хэвлэсэн.
  3. Буруу кодтой 736,456 ширхэг саналын хуудас хэвлэгдсэн. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт зохион байгуулсан тул 2 тал ижил кодтой хэвлэх байсан ч өөр өөр кодтой хэвлэсэн. НИТХ-ын 30 тойргоос  6-н тойрог алдаагүй, үлсдэн 24-н тойргийн 736.456 ш саналын хуудас нь буруу кодтой хэвлэсэн тул уг алдааг залруулан дахин хэвлэсэн.

Ийнхүү саналын хуудсыг дахин хэвлэхтэй холбоотой зардлын асуудлыг хэрхэх талаар холбогдох талууд ямар нэгэн тайлбар хийгээгүй.

Хоёр. Саналын хуудас хүргүүлэх, хадгалах, хамгаалах үйл явцын мониторинг

УИХ-ын 24-р тойргийн хороо 06 сарын 19-ны өдрийн 14:35 цагт Мөнхийн Үсэг хэвлэлийн компанийн байрнаас саналын хуудсаа хүлээн авахаар ирсэн. Саналын хуудсыг хүлээлгэн өгөхөд Сонгуулийн Ерөнхий Хороо, Нийслэлийн сонгуулийн хороо, Тагнуулын Ерөнхий Газар, Төрийн тусгай хамгаалалтын төлөөллүүд байлцсан. УИХ-ын 24-р тойрог нь саналын хуудсаа хүлээн авахад УИХ-ын болон НИТХ-ын Чингэлтэй дүүргийн тойргийн хорооны ажилтнууд, дүүргийн цагдаагийн газрын хамгаалалттайгаар саналын хуудсаа хүлээж авсан. Хүлээж авахдаа саналын хуудсыг хайрцаглаж савласан байдлаар нь тоолсон. Чингэлтэй дүүрэг нь НИТХ-ын 17, 18, 19, 20-р тойргуудад хуваагддаг бол Дархан-Уул аймаг нь УИХ-ын сонгуулийн 19-р тойрог юм. Хайрцаг бүрд 1200 ш саналын хуудас савлагдсан бөгөөд тухайн тойргийн хамгийн сүүлийн дугаар бүхий хайрцаг нь 1200-аас бага тоотойгоор савлагддаг.

Саналын хуудсыг хайрцгаар тоолон хүлээж авсны дараа 3110 УНХ дугаартай жижиг оврын ачааны машинд ачиж, дүүргийн цагдаагийн газрын 4065 УБЗ дугаартай машин аюулгүй байдлыг хангах зорилгоор дагалдан явсан.

Саналын хуудсыг хэсгийн хороодод хүргүүлэх хүртлэх хугацаанд Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын байранд түр хугацаанд хадгалахаар зөөж байрлуулан, өрөөний хаалгыг лацдах хүртлэх үйл явцад Сонгогчдын Боловсол Төвийн ажиглагч хамт байж ажиглалт хийсэн.

24-р тойргийн хороо нь нийт 94 хайрцаг бүхий 109,989 ширхэг саналын хуудсыг  06 сарын 19-ний өдрийн 14:35 цагт хүлээн авсан.  19-р тойргийн хороо нь нийт 55  хайрцаг бүхий 65,699 ширхэг саналын хуудсыг  06 сарын 17-ний өдөр тойргийн хорооны 5 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр Мөнхий Үсэг группын үйлдвэрийн байранд ирж хүлээн авсан. 

24 дүгээр тойргийн хорооны хувьд саналын хуудсыг хүлээн авсны дараа хэсгүүдэд хүргүүлэх хүртэл дүүргийн цагдаагийн байгууллагын хамгаалалтад авсан бол 19 дүгээр тойргийн хувьд цагдаагийн хамгаалалтгүй, зөвхөн ЗДТГ-ын харуулын хамгаалалтанд байсан. Тус тойргийн хороо нь саналын хуудсаа хүлээн авч хэсгийн хорооддоо хүргүүлэх хүртэл шилэн тусгаарлалт бүхий өрөөнд хадгалж, 06 сарын 20-ноос  хэсгийн хороодод хүлээлгэн өгсөн байна.

Сонгогчдын Боловсрол Төвөөс саналын хуудсыг хэсгийн хороодод хуваарилах, хүргүүлэх үйл явцад ажиглалт хийх хүсэлтээ тойргийн хороодод хүргүүлсэн боловч бидэнд ийм боломжийг олгоогүй бөгөөд тухайлбал, 24-р тойргийн хорооны хувьд харьяа хэсгүүдэд саналын хуудсыг хуваарилах, хүргүүлэх үйл явцад ажиглалт хийгээгүй болно.

Хэсгийн хороодод саналын хуудас хүргэгдсэний дараа Сонгогчдын Боловсрол Төвөөс зарим хэсгүүдийн хадгалалт, хамгаалалт хэрхэн хийгдэж байгаатай биечлэн очиж танилцах үеэр ихэнх хэсгүүд саналын хуудаст тойрог, хэсгийн дугаар тавих үйл ажиллагаа хийгдэж байсан. Аюулгүй байдлыг хангасан байдал нь уг хэсгүүдэд ойролцоо бөгөөд лацтай төмөр шүүгээнд хадгалах хэмжээнд хийгдэж, цагдаагийн хамгаалалтад авсан байлаа. 

Гурав. Саналын хуудасны зарцуулалт, тайлагналт

Сонгогчдын Боловсрол Төвөөс саналын хуудасны зарцуулалтын тайлан болон түүнтэй холбоотой тэмдэглэл бусад баримт бичгүүдийн хуулбарыг хэсэг тус бүрээр авах тухай хүсэлтээ СЕХ-ны 04 сарын 20-ны өдрийн 30 тоот журмын 3.2.1-д заасны дагуу албан бичгээр дээрх 2 тойргийн хороодод хүргүүлсэн. Энэ дагуу 19 дүгээр тойргийн хорооны хувьд саналын хуудасны зарцуулалтын тайланг хэсэг тус бүрээр холбогдох мэдээллийн хамт, 24-р тойргийн хорооны хувьд хэсгүүдийн зарцуулалтын тайланг тойргийн хороонд нэгтгэн гаргасан тойргийн хорооны тайлантай тус тус танилцах боломж олгосон болно.

Дархан-Уул аймагт ажилласан саналын хуудасны мониторингийн багийн гишүүний тайланг 19 дүгээр тойргийн хорооны мэдээлэлтэй харьцуулан үзэхэд саналын хуудасны зарцуулалттай холбоотой ямар нэгэн зөрүү болон илэрхий зөрчил гараагүй болох нь харагдаж байна.

Чингэлтэй дүүргийн хувьд 24-р тойргийн хорооны саналын хуудасны зарцуулалтын тайланг дүүргийн санал авах байруудад сонгуулийн өдөр ажилласан иргэний нийгмийн байгууллагын ажиглагчдын тайлантай харьцуулан үзвэл зарим хэсгүүдийн тоон мэдээлэл зөрүүтэй байгаа нь ажиглагдлаа. Үүнтэй холбоотой мэдээлэл авахыг мониторингийн багаас 06 сарын 29-өөс 07 сарын 03 хүртэлх өдрүүдэд удаа дараа хүссэн боловч, эцэст нь 24-р тойргийн хэсгүүдийн саналын хуудасны зарцуулалтын тайлантай төрийн бус байгууллага танилцах боломжгүй гэсэн хариуг тойргийн хорооны гишүүн, Чингэлтэй дүүргийн ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Н.Наранчулуун өгсөн.

Дөрөв. Архивт шилжүүлэх

Одоогоор сонгогдсон тойргуудад саналын хуудсыг архивлах үйл явц эхлээгүй байгаа бөгөөд бид үргэлжлүүлэн мониторингоо хийж буй болно.

 

Сонгууль

Санал тоолох үйл ажиллагааны мониторинг