2012 оны УИХ-ын сонгуулийн хэвлэл мэдээллийн мониторингийн урьдчилсан дүн

“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ”-ний гишүүн байгууллага болох Глоб Интернэшнл ТББ нь УИХ—ын 2012 оны сонгуулийн сурталчилгаанд хэвлэл мэдээллийн мониторинг хийж УИХ-ын сонгуулийн тухай хууль болон СЕХ, ХХЗХ-оос хамтран баталсан журмын хэрэгжилтэд хяналт тавин ажиллав.

6 дугаар сарын 06-27-ны өдрийг дуустал үргэлжилсэн 3 үе шаттай хийгдсэн судалгааны нэгдсэн дүн урьдчилсан байдлаар гарлаа. Судалгаанд олон нийтийн болон төсвийн санхүүжилт ашигладаг, зах зээл дээр удаан хугацаанд оршин тогтнож буй, үзэгчдийн рейтинг өндөр зэрэг шалгуураар сонгогдсон 5 телевиз хамрагдав. Үүнд: МҮОНТ, “UBS” телевиз, “ТВ5” телевиз, “ТВ9” телевиз, “MN25” суваг телевиз зэрэг багтав.

1. Судалгааны хугацаанд 5 телевизийн 1758 цаг 38 минут 58 секундын нэвтрүүлэгт мониторинг хийснээс 291 цаг 31 минут 59 секунд нь сонгуультай холбоотой мэдээлэл байв. Судалгаанаас үзэхэд телевизүүд сурталчилгааны хугацаанд тэнцвэртэй бус мэдээлсэн нь ажиглагдлаа. 5 телевиз бүхэлдээ МАН, АН, Шударга ёс эвсэл, ИЗНН-ын талаар түлхүү сурвалжилж, сурталчилсан байна.

МҮОНТ-ийн сонгуультай холбоотой мэдээллийн 23%-ийг МАН, 18%-ийг АН-ын мэдээлэл эзэлсэн байна. Харин бусад телевизүүдийн нийт дүнгээс харахад МАН-ын тухай мэдээлэл дунджаар 43%-иар давамгайлж байв.

Бүх телевиз дээр эерэг өнгө аястай мэдээлэл давамгайлжээ. МҮОНТ-ийн мэдээллийн 89% нь эерэг хандлагатай байсан бол сөрөг мэдээлэл 2%-ийг эзэлсэн юм. Бусад телевизүүдийн дунджаар 80-аас дээш хувь нь эерэг өнгө аястай мэдээлэл байна. МҮОНТ-ийн төвийг сахисан мэдээлэл нийт цагийн 9%-ийг эзэлжээ. Арилжааны телевизүүдийн хувьд ТВ5 телевизийн төвийг сахисан мэдээлэл 36%-д хүрсэн нь хамгийн өндөр үзүүлэлт юм.

“ТВ9” телевиз дээр Шударга ёс эвсэл-ийн мэдээлэл эерэг өнгө аястай мэдээллийг давамгайлж байгаа бол бусад бүх телевизийн эерэг аястай мэдээлэл дээр МАН давамгайлж байна. МҮОНТ, UBS телевиз, ТВ5 телевизийн сөрөг мэдээллийн дийлэнх цагт АН-ын тухай мэдээлэл давамгайлсан бол 25-р суваг телевиз, ТВ9 телевизийн сөрөг мэдээлэлд МАН илүү хувь эзэлжээ.

2. Телевизүүд хуульд заасан 2 цагийг хэтрүүлсэн хандлага ажиглагдаж байна. Судалгаанд хамрагдсан 4 телевиз бүгд цагаа хэтрүүлсэн байна. Үүнд TV9 телевиз 2 цаг 37 минут 54 секунд хэтрүүлсэн нь хамгийн их цагийг эзэлж байна. ТВ5 телевиз 2 минут 38 секунд хэтрүүлсэн нь хуульд заасан хугацаанд тун ойр байлаа.

3. Арилжааны телевизүүд сонгогчдын боловсролд маш бага цаг зарцуулсан нь илрэв. МҮОНТ-ийн сонгуультай холбоотой мэдээллийн 33% нь цэвэр сонгогчдын боловсролд зориулсан нэвтрүүлэг байв. Бусад телевизүүдээс хамгийн их нь ТВ5 телевиз 2 цаг 3 минут 21 секундыг сонгогчдын боловсролд зориулсан нь тус телевизийн сонгуультай холбоотой мэдээллийн дөнгөж 5%-тай тэнцжээ.

4. Далд сурталчилгаа явуулсан эсэхэд хяналт тавихад  МҮОНТ-ээр 10 цаг 51 минут 01 секундын далд сурталчилгаа илэрчээ. Харин бусад телевизүүдээс хамгийн өндөр нь ТВ9 телевизийн далд сурталчилгаа байлаа. Энэ нь 21 цаг 53 минут 35 секундыг эзэлжээ. ТВ9 телевизийн далд сурталчилгааны 46% нь Шударга ёс эвслийн тухай мэдээлэл байсан бол бусад телевиз дээр далд сурталчилгааны дийлэнх хувь нь МАН-тай холбоотой мэдээлэл байв.

5. Телевизүүдийн мэдээний хөтөлбөрт сонгуулийн сурталчилгаа давамгайлсан нь харагдаж байна. МҮОНТ-ийн мэдээний хөтөлбөрөөр нийт 9 цаг 42 минут 34 секундын далд сурталчилгааны шинжийг агуулсан мэдээлэл илэрчээ. Бусад  телевизүүдийн хувьд ТВ9 телевиз хамгийн өндөр буюу 17 цаг 14 минут 42 секундын далд хэлбэрийн сурталчилгаа явуулжээ. Харин UBS телевизийн мэдээний хөтөлбөрөөр хамгийн бага далд сурталчилгааны шинжийг агуулсан мэдээлэл илэрсэн нь 1 цаг 14 минут 54 секунд байна.

Сонгууль

Санал тоолох үйл ажиллагааны мониторинг