2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль: хэвлэл мэдээллийн мониторингийн ерөнхий дүн

“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ”-ний гишүүн байгууллага болох Глоб интернэшнл төв нь МУ-ын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн сурталчилгаанд телевизийн мониторинг хийж Сонгуулийн тухай хууль болон СЕХ, ХХЗХ-оос хамтран баталсан журмын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

Мониторингийн зорилго нь МУ-ын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн сурталчилгааны үеэр ХМХ-ийн гүйцэтгэх үүргийг сайжруулах, ХМХ-ээр явуулж буй сурталчилгааны тэгш, тэнцвэрт байдал хэрхэн хангагдаж буйг олон нийтэд ойлгуулах, далд сурталчилгааг илрүүлэх, Сонгуулийн тухай хууль болон ХХЗХ, СЕХ-ны хамтран баталсан “Радио телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих” журмын хэрэгжилтэд хяналт тавих явдал юм.

МУ-ын Ерөнхийлөгчийн 2017 оны телевизийн мониторингд  МҮОНТ, ТV9, 25 дугаар суваг, С1, UBS гэсэн 5 телевизийг хамруулахаар сонгов. Дээрх телевизүүдийг сонгохдоо Хэвлэлийн хүрээлэн, Максима ХХК-ны 2016 оны судалгаанд суурилж, олон нийтийн санхүүжилт ашигладаг, хамгийн хүртээмжтэй, орон даяар цацагддаг, агаарын долгион ашигладаг, үзэгчдийн тоо, рейтинг өндөр, цаг үеийн мэдээний хөтөлбөр нэвтрүүлдэг, зах зээлд 4-өөс дээш жил оршин тогтносон, нэр дэвшигчийн хамаарал зэрэг шалгуурыг үндэслэв.

Мэдээний хөтөлбөрийг далд сурталчилгааны талбар болгон ашиглах нь ихээр ажиглагдав

МҮОНТ-ийн нэр дэвшигчдэд оноосон цаг тэнцвэргүй байв.  МҮОНТ-ийн сонгуультай холбоотой мэдээллийн 54%-ийг захиалгатай нэвтрүүлэгт, 38%-ийг сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэлд зориулжээ

  1. Мониторингийн хугацаанд 5 телевизийн 1691 цаг 13 минут 42 секундын нэвтрүүлэгт мониторинг хийснээс 135 цаг 54 минут 10 секунд нь сонгуультай холбоотой мэдээлэл байв. Энэ нь нийт эфирийн 8,2%-ийг эзэлж байна.
  2. Сонгуулийн албан ёсны сурталчилгааны хугацаанд МҮОНТ нийт эфирийн 8%-ийн сонгуультай холбоотой мэдээлэлд зарцуулжээ. Тус телевизээр АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын талаарх мэдээлэл давамгайлсан нь 38%-ийг эзэлж байна. МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар нарт тун ойролцоо цаг оногдсон нь адил тэнцүү 31% эзэлжээ. Арилжааны телевизүүд аль нэг нэр дэвшигчийг онцлон илүү цаг зарцуулав. Тухайлбал “UBS”, “25 дугаар суваг” телевизэд нэр дэвшигч Х.Баттулгын мэдээлэл давамгайлсан бол С1 телевизэд нэр дэвшигч М.Энхболд, TV9 телевизэд нэр дэвшигч С.Ганбаатарын мэдээлэл илүү цаг эзлэв.
    Арилжааны дөрвөн телевизийн дунджаар хамгийн их цагийг МАН-аас нэр дэвшигч М.Энхболдод зарцуулсан нь 38% болсон бол АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 37%-ийг эзэлжээ. Харин МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарт хамгийн бага цаг оногдсон нь 25% болсон юм. МҮОНТ болоод арилжааны дөрвөн телевизийн нэр дэвшигчдэд оноосон цагийг сонгуулийн дүнтэй харьцуулан үзвэл тун ойролцоо үр дүн харагддаг нь тохиолдлын үзэгдэл биш юм.
  3. МҮОНТ-ийн сонгуультай холбоотой мэдээллийн 54%-ийг захиалгатай нэвтрүүлгийн цаг эзэлжээ. Арилжааны телевизүүдийн дунджаар энэ нь 41%-ийг эзэлж байна. Хамгийн бага захиалгат нэвтрүүлгийг С1 телевиз нэвтрүүлсэн нь 15%-ийг эзэлж байна.
  4. МҮОНТ-ийн далд сурталчилгааны шинжийг агуулсан мэдээлэл 8%-ийг эзлэв. Бусад дөрвөн телевизийн дунджаар 25% байна. Далд сурталчилгааны шинжийг агуулсан мэдээлэл гол төлөв цаг үеийн мэдээний хөтөлбөрөөр их цацагджээ. Хэлбэрийн хувьд авч үзвэл хуулийн зүйл заалтад нарийвчлан тусгагдаагүй ч, олон улсын хэм хэмжээгээр далд сурталчилгааны хэв шинжийг агуулсан мэдээлэл ихээр илрэв.
    МҮОНТ-ийн мэдээллийн 53% нь эерэг, 22% нь сөрөг, 25% нь төвийг сахисан өнгө аястай байв. Бусад арилжааны телевизийн дунджаар эерэг мэдээлэл 53,3%, сөрөг мэдээлэл 33,3%, төвийг сахисан өнгө аястай мэдээлэл 13,3%-ийг эзэлжээ. Хамгийн их эерэг өнгө аястай мэдээллийг UBS телевиз нэвтрүүлсэн нь 81%, хамгийн их сөрөг мэдээллийг С1 телевиз нэвтрүүлсэн нь 56% болов.
  5. Сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл сурталчилгааны эхэнд бага байсан ч аажмаар өссөөр дөрвөн телевизийн дунджаар 33%-ийг эзлэв. МҮОНТ-ийн хувьд нийт цагийнхаа 38%-ийг зориулжээ. С1 телевиз нийт цагийнхаа 47%-ийг сонгогчдын боловсролд зориулсан нэвтрүүлэг бэлтгэхэд зориулсан нь хамгийн өндөр үзүүлэлт байв.
  6. Сонгуулийн тухай хуулинд заасан цагийн хязгаарлалт буюу 82.5 /60 минут/ заалтыг зөрчсөн тохиолдол илрээгүй боловч 82.6 /15 минут/, 82.14 /5 мин/ дахь заалтуудыг зөрчих тохиолдол сурталчилгааны төгсгөлд хэрээс хэтрэв.

Глоб Интернэшнл төв
Утас: 324627, 324764

Сонгууль

Санал тоолох үйл ажиллагааны мониторинг