Сонгуулиар хэвлэл мэдээллийнхэн зохих үүргээ гүйцэтгэж чадаж байна уу?

2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хэвлэл мэдээлэл чухал үүрэг гүйцэтгэнэ. Хэвлэл мэдээлэл сонгуулийн үеэр үзэл бодлын индэр, мэтгэлцээний талбар болж, нэр дэвшигч, улс төрийн намуудын байр суурийг олон нийтэд ойлгуулж, зөв сонголт хийхэд тусалдаг. Харамсалтай нь, өмнөх 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хийсэн хэвлэл мэдээллийн мониторингийн дүнгээс харахад, монголын хэвлэл мэдээлэл энэ үүргээ зохих ёсоор биелүүлж чадахгүй байгаа юм.

Тухайлбал, ХМХ-үүд нэг талыг барьсан, өрөөсгөл мэдээлэл түгээх, эрх барьж буй намд түлхүү үйлчлэх, сонгуулийн сурталчилгааг сонгуулийн сэтгүүл зүйгээс ялгаж салгахгүйгээр мэдээллийн гол хөтөлбөрөөр дамжуулах, сонгогчдын боловсролд зориулсан хараат бус хөтөлбөр, материал бэлтгэхгүй байх зэргээр мэргэжлийн бус ажиллаж, хэрэг дээрээ сонгогчдод бус, улс төрийн намд илүү үйлчилж байв.

Намуудын сонгуулийн хөтөлбөрийн харьцуулсан судалгаа, нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн, хараат бус ярилцлага гэх зэрэг сэтгүүл зүйн хараат бус материал туйлын ховор, гол төлөв намуудын төлбөрт нэвтрүүлэг сонины зай талбай, өргөн нэвтрүүлгийн хэрэгслийн эфирийн цагийг эзэлж байлаа. Мөн сонгуулийн булхай, шударга бус, хууль бус үйлдлийг илчилсэн эрэн сурвалжлах материал бараг байсангүй. Харин энэ тухай мэдээллийг намуудын төлбөрт нэвтрүүлэг, нийтлэлээр орлуулж байв. Төлбөртэй болохыг заагаагүй учир тийм мэдээлэл олон нийтийг төөрөгдүүлж байсан юм.

Иймд шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээний зүгээс үндэсний хэмжээнд өргөн нэвтрүүлэг эрхэлдэг телевизийн таван сувагт, сонгуулийн сурталчилгааны хамгийн идэвхтэй үе болох сүүлийн хоёр долоо хоногийн турш хэвлэл мэдээлэлд мониторинг хийх ажлыг эхлүүдээд байна. Төсөл нь хамгийн нөлөөтэй ХМХ болох телевизийн сувгууд сонгуульд нэр дэвшигчдийн тухай мэдээллийг олон нийтэд аль хэр шударга, тэнцвэртэй, мэргэжлийн түвшинд мэдээлж буйг судлах зорилттой.

Мониторингийн явцад тухайн телевизийн өргөн нэвтрүүлгийн нийт цагийг хамруулан тэнцвэрт байдал, сурталчилгааны өнгө аясыг судлахын зэрэгцээ, мэдээний хөтөлбөрийн тэнцвэрт байдал, мэргэжлийн түвшин, сонгогчдын боловсролд зориулсан цагийн хэмжээ, хэвлэл мэдээллийн нөлөөний тухай мэдээллийг үнэлж дүгнэнэ.

Сонгууль

Санал тоолох үйл ажиллагааны мониторинг