Сонгогчдын нэрийн жагсаалтын мониторингийн явц

Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээний гишүүн Филантропи Хөгжлийн төлөө төв нь 2012 оны УИХ-ын сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтад мониторинг хийж буй билээ. Энэхүү мониторинг Нийслэл хотын хүн ам, шилжин суурьшигчид ихтэй, хамгийн том дүүрэг болох Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын сонгуулийн 26-р тойрогт хийж байгаа юм. УИХ-ын сонгуулийн 26-р тойрог нь нийт 80 сонгуулийн хэсгийн хороотой ба 20 сайн дурын ажилтан эдгээрээс 20 сонгуулийн хэсгийн хороонд мониторинг хэрэгжүүлж байна.

Сонгуулийн Ерөнхий хорооны 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 71 тоот тогтоолоор дээрх мониторинг хийхийг зөвшөөрсөн бөгөөд энэ тогтоолын дагуу 2012 оны 6 сарын 4-ний өдрөөс эхлэн хуваарилагдсан сонгуулийн хэсгийн хороод дээр мониторингийн баг ажлаа эхэлсэн боловч бэрхшээлтэй тулгарч байна. Тухайлбал,  25, 31, 74-р хэсгийн хорооноос бусад хэсгийн хороод тойргийн хорооноос зөвшөөрөл өгөөгүй тул ажиллуулахгүй гэсэн. Тойргийн хорооны хувьд СЕХ-ноос  бидэнд мэдэгдээгүй тул аль ч хэсгийн хороонд мониторинг хийлгэхгүй гэсэн байр сууриа бидэнд мэдэгдсэн. Бидний зүгээс 26-р тойргийн хороонд СЕХ-ны тогтоолыг эх болон хуулбар хувиар мөн албан бичиг, ажиллах судлаачдынхаа нэрийг өгч дахих хүсэлт гаргасан. Тойргийн хороо үүний дараа харъяа хэсгийн хорооддоо мэдэгдэл өгнө гэсэн ч мэдэгдэл ирээгүй гэсэн шалтгаанаар зарим нэг хэсгийн хороо тухайлбал, 15-р хэсгийн хороо судлаачийг ажиллуулахгүй мониторингийн ажилд саад болж байна. Түүнчлэн өнөөдрийг хүртэл ихэнх сонгуулийн хэсгийн хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ бүтэн цагаар ажиллахгүй, жижүүрлэн ажиллаж байна.

Тойргийн хорооноос хэсгийн хороонд хүлээлгэж өгсөн сонгогчдын нэрийн жагсаалт лацтай хэвээрээ өнөөдрөөс буюу 2012 оны 06 сарын 08-ны өдрөөс ил тавьж нээлттэй танилцах боломж олгоно гэсэн байдалтай байна.

Хэсгийн хорооныхон иргэний бүртгэлээс өгсөн нэрийн жагсаалтаас сонгогчийн бүртгэлийг тулгаж байгаа ба энэ жагсаалтад асуудал багагүй байна. Тухайлбал, 25 дугаар хэсгийн хороонд СХД-ийн 9 дүгээр хороо, Баруун баян уулын 13-18, Уулын 1-9 дүгээр гудамжны хаягтай айлуудын сонгуулын насны иргэд бүртгэгдэх учиртай. Гэтэл энэ хэсгийн хороонд хамаарах хаягтай сонгогч бүртгэлээс нэрээс шүүхэд байхгүй байсан ба хажууд нь байрлаж байгаа 26 дугаар хэсгийн хорооны жагсаалтаас нэр нь гарч ирсэн. Мөн 26 дугаар хэсгийн хорооны сонгогч 25 дугаар хэсгийн хороонд бүртгэлтэй гарч ирсэн.

Мөн 31 дүгээр хэсгийн хорооны сонгогчдын бүртгэлээс харахад нэг хаяг дээр 25 сонгогч бүртгэгдсэн байна. Түүнчлэн нэг хаяг дээр 10-20 сонгогч бүртгэгдсэн явдал нэлээд байгаа тул бид энэ хаягийг гэрээр нь явж нягтлан тулгах ажил дараагийн удаад хийх гэж байна.

6 дугаар сарын 1-нээс хойш иргэний үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн,  хугацаа нь дуусаад сунгуулаагүй, лавлагаа аваагүй байсан сонгогчид сонгуульд оролцох боломжгүй болоод байна.

Харин сонгогчдын нэрийн жагсаалтад мэдээлэл буруу орсон, бүртгэгдээгүй гэх сонгогчид өргөдөл гаргаж, тэр дагуу улсын бүртгэгчээс холбогдох бүртгэлийн байгууллагадаа хүсэлт явуулж, лавлагаа гаргуулан улмаар сонгуулийн хэсгийн хорооны дэргэд ажиллаж байгаа иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан цахим санд бүртгэл хийж жагсаалтад тэмдэглэхээр журам гарсан.

Сонгуулийн хэсгийн хороон дээр иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан гэж 2-3 хүн ажиллаж байгаа бөгөөд 8 хэсгийн хорооны итгэмжлэгдсэн ажилтан нь ээлжээр болон хамтдаа ажиллаж байна. Бусад хэсгийн хорооны иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтнууд нь хороон дээрээ байхгүй байна.

Хэсгийн хорооны гишүүд сонгуулийн хууль тогтоомжийн талаар мэдлэг дутмаг байна. Сонгогч хөдөө томилолтоор явах, иргэний үнэмлэхний хугацаа дууссан, хуучин улаан паспорттой сонгуульд яаж оролцох вэ гэдэг асуудлаар хэсгийн хороонд хандахад зөвлөгөө, мэдээлэл өгч чадахгүй, мэдэхгүй гэсэн хариултаар иргэдийг буцааж байна.

Филантропи хөгжлийн төлөө төв

Сонгууль

Санал тоолох үйл ажиллагааны мониторинг