Нийгмийн халамж, хамгааллын чиглэлээр нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрт хийсэн харьцуулсан судалгаа

Өнгөрсөн сонгуулийн “хүүхдийн мөнгө”-нөөс хойш сонгууль элдэв мөнгөний амлалтаар дүүрэн болдог жишиг тогтох шинжтэй. Ялангуяа энэ жилийн сонгуульд нам, эвслүүд сонгогчдыг татах зорилгоор өөр хоорондоо төсвийн мөнгөөр өрсөлдөн, бие биенийхээ дээр гарах гэж амлах мөнгөний хэмжээгээрээ уралдаж байна. “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий” гэсэн ардын маань цэцэн үг байдагсан. Энэ их амлалтууд хөнжлийнхөө хэрээр байна уу, аль эсвэл хөнжлөөсөө гараад талийж өгөв үү? Эдгээр асуултад хариулах, мөн “амлалтын мөнгө” ямар арга хэмжээнүүдэд түлхүү зарцуулагдан, хэнд очих гэж байгаа, энэ нь цаашид нийгэмд ямар үр өгөөж авчрахыг тодруулахыг зорилоо. 

Энэхүү судалгаанд сонгуульд өрсөлдөх субьектүүдээс

  • Бүгд Найрамдах Нам- /БНН/
  • Иргэний Эвсэл -/ИЭ/
  • Ардчилсан Нам-/АН/
  • Иргэний Зориг Нам-/ИЗН/
  • Монгол Ардын Хувьсгалт Нам-/МАХН/
  • Үндэсний Шинэ Нам -/ҮШН /

гэсэн 5 нам, нэг эвслийг сонгон авч, сонгуулийн мөрийн хөтөлбөрт нь тусгагдсан нийгмийн шинжтэй арга хэмжээнүүдэд амласан мөнгөний дүнг 2009-2012 хүртэлх хугацаанд тооцон гаргаж, тухайн үеийн төсвийн зарлага, Дотоодын Нийт Бүтээгдэхүүнд эзлэх хувьд харьцуулан амлалтууд хэр үндэслэлтэйг байгаад баримжаалсан үнэлгээг өгөв.

Бидний ангилан авч үзснээр эдгээр субьектүүд 24 нэр төрлийн, хоорондоо давхцалгүй арга хэмжээнд мөнгө амласан байх юм. Үүнд:

  1. Хүүхдийн мөнгө
  2. Иргэдийг эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулах
  3. Сургалтын төлбөр даах
  4. Орон сууцны санхүүжилт олгох
  5. Зээлийн эрх баталгаажуулах
  6. Сумдад зээлийн сан үүсгэх
  7. Ахмадуудад “Талархлын сан” байгуулах
  8. Ажил эрхлэлт, мэргэжлийн сургалт, үйлдвэржилтийг дэмжих
  9. “Эрдэнийн хувь” хүртээх, “Эх орны хишиг” тараах
  10. Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийг үнэ төлбөргүй хангах
  11. Гадаадын их, дээд сургуулиудад оюутан сургах
  12. Иргэдийн боловсролыг дэмжих
  13. Төрсөн эхэд “цалин” олгох
  14. Өндөр настны тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх
  15. Эмзэг бүлгийнхэнд гэр олгох
  16. Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх
  17. Шинээр гэр бүл бологсдод мөнгөн тэтгэмж олгох
  18. Шинэ төрсөн хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох
  19. “3 дахь хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох”
  20. “Алдарт эх –II” одонтой эхчүүдэд мөнгөн тэтгэмж олгох
  21. “Алдарт эх –I” одонтой эхчүүдэд мөнгөн тэтгэмж олгох
  22. “Үдийн хоол” хөтөлбөр хэрэгжүүлэх
  23. Хязгаар нутгийн иргэдэд нэмэгдэл орлого олгох
  24. Дээд боловсролыг үнэ төлбөргүй болгох

амлалтууд багтаж байна.

Нам, эвслүүд чухам ямар арга хэмжээнд мөнгө амлаж байгааг мэдэхийг хүсвэл та дараах хүснэгтийг ашиглан дээрх жагсаалт дахь эрэмбээр нь тулган хараарай.

Нам, эвсэл Амлалтууд
Бүгд Найрамдах Нам 1, 2, 3, 4
Иргэний эвсэл 5, 6, 7
Ардчилсан Нам 1, 8, 9, 10, 11
Иргэний Зориг Нам 1, 11, 12, 13, 14, 15, 16
Монгол Ардын Хувьсгалт Нам 6, 9, 10, 11, 14, 16,17, 18, 19, 20, 21, 22
Үндэсний Шинэ Нам 1, 4, 14, 16, 22, 23, 24

 
Хамгийн олон давтагдсан амлалт нь “хүүхдийн мөнгө”, “гадаадад оюутан сургах”, “өндөр настны тэтгэврийг нэмэгдүүлэх”, “төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх” зэрэг арга хэмжээ “шалгарч” байна. Амласан нэр төрлийн хувьд МАХН манлайлж, ИЗН болон ҮШН удаалсан бол харин хамгийн цөөн амлалтыг ИЭ өгсөн байна.

Одоо эдгээр амлалтуудын цаана хэдий хэмжээний мөнгө нуугдаж байгааг сонирхоё.

Он 2009 2010 2011 2012
Шинэ төрсөн хүүхдийн мөнгө, тэрбум.төг 6.2 6.3 6.4 6.5
Шинээр гэр бүл бологсдын мөнгө, тэрбум,төг 14 12.5 10 10
Хүүхдийн мөнгө, тэрбум.төг 220.1 214.6 208.8 202.5
"Алдарт эх-I" -ийн мөнгө, тэрбум.төг 38 38.5 39 39.5
"Алдарт эх-II" -ийн мөнгө, тэрбум.төг 57.0 57.8 58.5 59.3
Иргэдийг эмнэлэгийн үзлэгт хамруулах мөнгө, тэрбум.төг 59.4 66.1 73.6 81.9
"Ардын орон сууц" хөтөлбөр 300 300 300 300
Гэр хорооллын иргэдийг хямд орон сууцаар хангах 200 200 200 200
"Сумын зээлийн сан" байгуулах, тэрбум.төг 8.3 8.3 8.3 8.3
"Талархлын сан"-гийн хөрөнгө, тэрбум.төг 523.0 544.5 567.5 592.3
Ажил эрхлэлт, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, тэрбум.төг 150 300 600 1200
Гадаадад оюутан сургах, тэрбум.төг 24 24 24 24
Сурах бичгийн зардал, тэрбум.төг 20.92 20.64 20.36 20.08
Сургалтын тэтгэлэг олгох, тэрбум.төг 7 7 7 7
Эхийн цалин, тэрбум.төг 297.6 304.3 307.2 312.0
Нийгмийн эмзэг бүлэгт гэр олгох 0.2 0.2 0.2 0.2
Тэтгэвэр, тэтгэмжийн нэмэлт, тэрбум.төг 156.0 156.2 156.3 626.2
Төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэл, тэрбум.төг 150 300 450 600
Гурав дахь хүүхдийн мөнгө, тэрбум.төг 0.6 0.6 0.6 0.6
"Үдийн хоол" хөтөлбөр, тэрбум.төг 103.6 102.2 100.8 99.4
"Дээд боловсролыг үнэ төлбөргүй болгоно", тэрбум.төг 95 95 95 95
"Эрдэнийн хувь"   910.3 921.1 932.0
"Эрдэнийн хишиг"   1365.4 1381.7 1398.0
Амлалтын нийт дүн, тэрбум.төг 2406.5 5010.1 5512.1 6790.4

 
Бүх нам, эвслийн мөрийн хөтөлбөр нь  бүгд хэрэгжих бүрэн үндэслэлтэй гэж үзээд ижил төсөөтэй амлалтуудын хамгийн дээд хэмжээг авч тооцоход 2011, 2012 онд л гэхэд бидэнд 5.5-6.8 их наяд төгрөг шаардлагатай болох ажээ. Өөрөөр хэлбэл, одоогийн ханшаар ойролцоолон тооцоход 5-6 тэрбум америк доллартай тэнцэх хэмжээний мөнгөөөр бид эдгээр амлалтыг хэрэгжүүлнэ гэсэн үг юм. Энэ нь манай улсын хувьд ямар хэмжээний мөнгө болохыг дараахь үзүүлэлтүүдтэй жишиж харуулья.

Үзүүлэлтүүд 2009 2010 2011 2012
Амлалтын нийт дүн, тэрбум.төг 2406.5 5010.1 5512.1 6790.4
Төсвийн зарлага*, тэрбум.төг 2956 3843 4996 6495
Дотоодын нийт бүтээгдэхүүн*, оны үнээр, тэрбум.төг 7121.1 8901.4 11126.7 13908.4
Амлалтын мөнгөний төсвийн зарлагад эзлэх хувь 81.4 130.4 110.3 104.6
Амлалтын мөнгөний ДНБ-д эзлэх хувь 33.8 56.3 49.5 48.8

Жич: *Улсын төсвийн зарлага болон *ДНБ-ий үзүүлэлтийг өмнөх 3 жилийн дундаж өсөлтөөр өгсөн тооцоолсон болно.

Хүснэгтээс харахад нийт амлалтын дүн өнгөрсөн хугацаанд улсын төсвийн зарлага болон нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн дундаж хувиар өсгөсөн хэмжээтэй харьцуулахад улсын төсвийн зарлагаас давж, дотоодын нийт бүтээгдэхүүний 50 хувьтай тэнцэж байна. Өөрөөр хэлбэл, одоогийн бүх амлалт бодит биеллээ олсон тохиолдолд өнөөгийн улсын төсвийн зарлага даруй 2 дахин өсөх болно. Энэ тохиолдолд улсын төсвийн зарлага нь тухайн жилийнхээ дотоодын нийт бүтээгдэхүүнтэй тэнцэнэ гэсэн үг юм. Эдийн засагт буй болсон эцсийн нийт орлогыг бүгдийг нь төр хураан авч төсвийн зарлагад зарцуулна. Ийм зүйл бидний ярьж заншсан социализмын үед ч байгаагүй. Тэр үеийн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай орнуудад улсын төсвийн зарлага нь хамгийн ихдээ л дотоодын нийт бүтээгдэхүүний 50 хувьд дөхөж байсан билээ.  

Эдгээр амлалт хүн амын насны бүлэгт хэрхэн хуваарилагдаж байгааг сонирхоё. Бид 0-18 насныхныг “хүүхэд”, 19-35 насныхныг “залуу”, 35-аас тэтгэврийн насанд хүрэх насныхныг “дунд насныхан”, тэтгэврийн насны хүмүүсийг “ахмад настнууд” гэсэн ангилалд тус, тус хамруулав.   Амлалтуудын ихэнх нь тодорхой нас заагдсан арга хэмжээ байгаа тул насны бүлгээр багцлал хийхэд хялбар байв. Зарим амлалтыг “залуу”, “дунд насныхан” бүлэгт хуваарилав. Тухайлбал, орон сууцны сангийн хөрөнгийг эдгээр бүлэгт тэнцүү хуваарилсан бол “Алдарт эх-II” одонгийн мөнгийг “залуу”, харин “Алдарт эх-I” одонгийн мөнгийг “дунд насныхан”-д, “эхийн цалин”, “ажил эрхлэлтийн сан” зэрэг амлалтын мөнгийг 75:25 харьцаагаар хувааж үзлээ.

Хүн амын насны бүлэгт харгалзуулсан хуваарилалтаас харахад залуу, ахмад үеийнхэнд нийт мөнгөний 75 хувь ноогдохоор байна.

Насны ангилал 2009 2010 2011 2012
Хүүхэд 351.3 344.4 336.9 329.0
Залуу 682.7 799.5 1024.9 1479.3
Дунд насныхан 299.9 339.6 415.8 567.5
Ахмад настнууд 679.0 700.7 723.8 1218.4

 
“Хүүхэд”, “залуус”-ыг улс орны хөгжлийн ирээдүй гэдэг утгаар нь эрүүл саруул байлгах, эрдэм боловсролтой болгох зорилгыг түлхүү анхаарсан бол харин ахмад настнуудын хувьд улс орондоо их бүтээн байгуулалтыг цогцлоон бүрдүүлсэн гавьяаг нь үнэлсэн бололтой.

Гэтэл улс орны өнөө цагийн ачааны хүндийг үүрч, эдийн засагт хамгийн их хувь нэмрийг идэвхитэй оруулж байгаа “дунд насныханд” маань эдгээр амлалт хүртээлтэй биш байна. Харин ч амлалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд энэ насныханд ачааны хүнд нь үүрэгдэх гарцаагүй юм.

Сонгуулийн үр дүнд олонхийн санал авсан нам, эвсэл л өөрийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Тиймээс нам, эвслүүдийн хувьд тус бүртээ хэдий хэмжээний мөнгө амласан болохыг харья. Намуудын амлалсан мөнгөн дүнг 2009-2012 оноор хуваан харьцуулж үзвэл доорх дүр зураг харагдаж байна. Үүнд:

                                                                              /тэрбум төгрөг/

Нам, эвсэл 2009 2010 2011 2012
БНН 579.4 580.7 582.3 584.3
ИЭ 531.3 552.8 575.8 600.5
АН 370.1 1424.9 1729.9 2334.5
ИЗН 855.2 1006.7 1153.9 1772.2
МАХН 550.4 2064.2 2227.8 2863.6
ҮШН 924.6 1067.9 1210.9 1823.0

 
Хамгийн их амлалтыг МАХН өгч, АН, ҮШН, ИЗН зэрэг намууд удаа нь орж байгаа бол хамгийн бага амлалтыг БНН авсан байна. “Эрдэнийн хувь”, “Эх орны хишиг”-ийн хувьд 2010 оноос хойш олгох боломжтой гэж үзээд, ирэх 4 жилд нэг удаа олгох тул сүүлийн 3 жилд жигд хуваарилан тооцов.

Одоо бид өнөөгийн хамгийн том улс төрийн хоёр хүчин болох МАХН, АН-ын амлалтын мөнгийг хүн амын насны бүлгээр, мөн арга хэмжээний чиглэлээр багцлан авч үзье.  Энд “эрдэнийн хувь”, “эх орны хишиг” амлалтуудыг оруулаагүй болно.

МАХН-ын хувьд нийт амласан мөнгөний 11 хувь нь хүүхдүүдэд, 27 хувь нь идэр залуучуудад, 10 хувь нь дунд насныханд хуваарилагдахаар байгаа бол 52 хувь нь өндөр настнуудын тэтгэврийг нэмэгдүүлэхэд чиглэгдэх юм байна.

АН-ын хувьд нийт амласан мөнгөний 15 хувь нь хүүхдүүдэд, 64 хувь нь залуучуудад, 21 хувь нь дунд насныханд ноогдохоор байгаа бол ахмадуудын хувьд тодорхой мөнгөний амлалт байхгүй байна.

Сонгуулийн дүнгээр энэ хоёр хүчин олонхи болно гэж тооцоолбол “залуу”, “ахмад настнууд” амлалтын ихэнхийг хүртэхээр байна. Залуу үеийнхэнд хандсан эдгээр намуудын амлалт нь тэдний боловсролыг дэмжих, нийгмийн асуудлыг нь тодорхой хэмжээнд шийдэх, мэргэжил олгох, ажлын байраар хангахад чиглэгдсэн байна.

МАХН-ын амлалтаас шинэ төрсөн хүүхдийн мөнгө, 3 дахь хүүхдийн мөнгө, алдарт эхчүүдэд олгох мөнгө нь төрөлтийг нэмэгдүүлэх замаар хүн амыг өсгөхөд чиглэгдсэн бол АН-ын амлалтын ихэнх хэсэг нь залуучуудын мэргэжил боловсролыг дэмжих, ажлын байраар хангахад зарцуулагдахаар байна.

Эдгээр амлалт нь иргэдээрээ дамжуулан өрхүүдийг орлогожуулж, макро түвшинд эдийн засгийн эрэлтийг нэмэгдүүлж магадгүй ч үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, техник, технологийн шинэчлэл хийх зэрэгт хувь нэмэр оруулж чадахгүй юм. Түүнчлэн баялаг үлйдвэрлэхээсээ илүү зүгээр суугаад халамж эдлэх гэсэн сэтгэхүйг улам дэвэргэх аюултай.

Эдийн засаг дахь үйлдвэрлэлийн боломж хэрэглээний зардалд шахагдан багассанаар, бүтээгдэхүүн, үйлчилгээний нийлүүлэлт өсөхгүй, харин ч нийгмийн халамжийн мөнгө нь “инфляц, инфляц бас дахин инфляц” гэсэн үнийн хөөрөгдлийн гинж холбоог бий болгож, хүн амын бодит орлогыг бууруулах сөрөг үр нөлөөтэй байж мэднэ.

Сонгууль

Санал тоолох үйл ажиллагааны мониторинг