Сонгуулийн кампанит ажлын үеийн хэвлэл мэдээллийн мониторинг

Өнөөдөр Монголд 400 шахам хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж байна. Зөвхөн өргөн нэвтрүүлгийн хэрэгсэл 80 шахам, өдөр дутмын сонин 13 байгаа. Зөвхөн Улаанбаатар хотод телевизийн бараг хориод суваг үйл ажиллагаа явуулж байна. Монголын Хэвлэлийн Хүрээлэнгээс 2004 онд хийсэн үзэгчдийн хандлагын судалгаанаас харахад 443 хүний 56.4 хувь телевизийн сурталчилгаа тэдний сонголтод нөлөөлдөг гэжээ. Тэдний 18.5 хувь нь телевизээр цацагдаж буй сонгуулийн сурталчилгаанд итгэдэг, 55.7 хувь нь заримд нь итгэдэг, 24 хувь нь итгэдэггүй гэсэн байна.

УИХ-ын сонгуулийн кампанит ажлын явцад хэвлэл мэдээлэлд мониторинг хийх төлөвлөгөө

“Ардчилсан сонгууль: Иргэний нийгмийн хяналт” олон улсын бага хуралд “Глоб Интернэшнл” ТББ-ын тэргүүн Х. Наранжаргалын тавьсан илтгэл

Өнөөдөр Монголд 400 шахам хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж байна. Зөвхөн өргөн нэвтрүүлгийн хэрэгсэл 80 шахам, өдөр дутмын сонин 13 байгаа. Зөвхөн Улаанбаатар хотод телевизийн бараг хориод суваг үйл ажиллагаа явуулж байна.

МХХ-гээс 2004 онд хийсэн үзэгчдийн хандлагын судалгаанаас харахад, 443 хүний 56.4 хувь телевизийн сурталчилгаа тэдний сонголтод нөлөөлдөг гэжээ. Тэдний 18.5% нь телевизээр цацагдаж буй сонгуулийн сурталчилгаанд итгэдэг, 55.7% нь заримд нь итгэдэг, 24% нь итгэдэггүй гэсэн байна.

I. Монголын туршлага 

Монголд хэвлэл мэдээллийн мониторинг хийдэг болсоор арав гаруй жил болж байна. Хамгийн анх удаа МЧАСЭ(Монголын Чөлөөт Ардчилсан Сэтгүүлчдийн Эвлэл)-ийн ОУСХ (International Federation of Journalists)-той хамтран хэрэгжүүлсэн “Сонгуулийг сурвалжлах нь” төслийн хүрээнд олон улсын шинжээчдийн баг  1996 оны УИХ-ын сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн мониторинг хийсэн.

  • 2000 оны УИХ-ын сонгуулийн кампанит ажлын ид оргил үеэр МХХ,
  • 2004 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны сүүлийн долоо хоногт МХХ,
  • 2004 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны турш "Глоб Интернэшнл" төрийн бус байгууллага Сонгогчдын боловсролын төвтэй хамтран
  • 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны туршид "Глоб Интернэшнл" төрийн бус байгууллага

Мониторингийн үр дүн юу харуулсан бэ?

Мониторингийн хугацаа, хүрээ, арга зүй өөр өөр байсан ч мониторингийн дүнгээс нэгдсэн дүгнэлт хийж болохоор байна. 

  • Монголын ХМХ-үүдийн сонгуулийн сурталчилгаа өөр хоорондоо ялгаатай боловч  хэт өрөөсгөл байдал давамгайлж байсан
  • Төрийн мэдлийн ХМХ-үүд тухайн үед эрх барьж байсан улс төрийн намын эрх ашигт түлхүү үйлчилж байсан.
  • ХМХ-үүд сонгуулийг орлого олох эх үүсвэр гэж үзэж, мөнгөтэйд нь илүү үйлчлэх байдал давамгайлж байсан
  • Сэтгүүлчид сонгуулийн үеэр талцаж, нам, нэр дэвшигчдийн сурталчилгааны багт ажиллаж байсан
  • Улс төрийн төлбөрт сурталчилгаа, зар сурталчилгаа, мэргэжлийн сэтгүүл зүйн хоорондын ялгаа зааг олон нийтэд мэдэгдэхгүй байсан
  • Мэдээ, мэдээллийн хөтөлбөр, сонины мэдээний зай талбайд нам, нэр дэвшигчийн сонгуулийн штабын мэдээг шууд зуучлан тавьж, төлбөр авч байсан
  • Сонгууль болсон тухайн үед төрийн эрх барьж байсан хүчнээс ХМХ-ийн мэдээлэл ихээхэн хэмжээгээр хамааралтай байсан
  • Сонгогчдын эрх ашигт илүү нийцсэн, тэдний хүсэн хүлээсэн мөрийн хөтөлбөрийн харьцуулалт, мэтгэлцээн, сонгуулийн явцад болж байсан чухал үйл явдлын учрыг тайлбарлан таниулсан, сонгуулийн булхайг илчилсэн зэрэг мэргэжлийн сэтгүүл зүйн материал тун ховор байсан.

II. 2008 оны УИХ-ын сонгуулийн эрх зүйн орчин

  • Үндсэн Хууль,1992
    Санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх, мэдээлэл хайх, хүлээн авах эрх баталгаажсан
  • Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль, 1998
    Төр олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл өмчлөх, цензур тогтоохыг хориглосон. ХМХ нийтлэл, нэвтрүүлгийнхээ төлөө хариуцлага хүлээнэ.
  • Олон нийтийн радио, телевизийн тухай хууль, 2005
    Төр, засгийн газар, улс төрийн аливаа нам, хүчнээс хараат байхыг тунхагласан
  • Зар сурталчилгааны тухай хууль, 2002
    7.5               Энэ хуулийн 6.1-д заасныг зөрчсөн, хэрэглэгчийн ухамсарт шууд бусаар нөлөөлөх зар сурталчилгаагдалд сурталчилгаа гэж тооцно.
    6.1              
    Зар сурталчилгаа үнэн, хэрэглэгчдэд хүртээмжтэй байж, агуулга, хэлбэр, түүнийг түгээж байгаа арга хэрэгслээс үл хамааран зар сурталчилгаа гэж ойлгогдохоор байна.
  • Харилцаа, холбооны хууль, 2001
    9.1.2           Зохицуулах хороо өргөн нэвтрүүлгийн лиценз олгохоос гадна түдгэлзүүлэх, буцааж авах эрхтэй
  • Радио долгионы тухай хууль, 1999
    4.1              Монгол Улсын нутаг дэвсгэр дэх үүсгэгчээс үүссэн болон үндсэний радио давтамжийн хуваарилалтын хүснэгтэд багтаж байгаа радио долгион Монгол Улсын төрийн өмч мөн.
  • УИХ-ын сонгуулийн тухай хууль, 2005
    37.3.          Сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00 цагаас өмнө зогсооно.
    37.7.          Олон нийтийн радио, телевиз нь төлбөртэйгээр сонгуулийн аливаа сурталчилгаа явуулахгүй бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон хуваарийн дагуу төлбөргүй сурталчилгаа явуулна.
    37.8.          Сонгуулийн ерөнхий хороо нь олон нийтийн радио, телевизээр төлбөргүй явуулах сурталчилгааны хуваарийг батлахдаа нам, эвсэл бүрт, түүнчлэн нэг тойрогт өрсөлдөж  байгаа нэр дэвшигч бүрт тэнцүү хугацаа ногдохоор тооцож, холбогдох шийдвэрийг гаргана.
    37.9.          Олон нийтийн радио, телевизээс бусад радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг төлбөртэй явуулах бөгөөд төлбөртэй сурталчилгааны нийт хугацаа тухайн радио, телевизийн нэвтрүүлгийн нийт хугацааны 10 хувиас хэтрэхгүй байна.
    37.10.        Энэ хуулийн 37.9-д заасан радио, телевиз нь сонгуулийн сурталчилгааг явуулахдаа энэ хуулийн 37.8-д заасан зарчмыг удирдлага болгоно.
    35.3           Нэр дэвшигчийг гүтгэх, доромжлох, нэр төрийг гутаах, түүний хувийн болон захидал харилцааны нууцыг задруулахыг хориглоно.
    35.6           Энэ хуулийн 35.3-т заасныг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байвал....хэвлэл мэдээллийн болон бусад байгууллагыг  600 000-800 000 төгрөгөөр торгоно.
III. Хэвлэл мэдээллийн мониторингийн төлөвлөгөө

Мониторинг хийх чиглэл 

  • Тэнцвэрт, шударга сурталчилгаа
  •  Сонгуулийн тухай хуулийн заалт: (Олон нийтийн радио, телевиз төлбөртэй сурталчилгаа явуулж буй эсэх, aрилжааны сувгууд дахь сурталчилгааны арван хувийн хязгаарлалт)
  • Далд сурталчилгаа

Хамрах хүрээ, цаг хугацаа, аргачлал

Хэвлэл мэдээллийн бүх хэрэгслийг мониторингид хамруулах боломжгүй юм.  Иймд дор дурдсан шалгуураар сонголт хийж, мониторинг хийхээр төлөвлөж байна.

  • Олон нийтийн буюу төрийн санхүүжилт ашигладаг
  • Хамгийн хүртээмжтэй: үндэсний хэмжээний, хэвлэлтийн тоо ширхэг, рейтинг өндөр
  • Хамгийн нөлөөтэй

Хугацаа

  • Сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнөх хоёр долоо хоног туршилт
  • Сонгуулийн сурталчилгааны турш 

Арга зүй

  • 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ашигласан,  Словакийн “МЕМО 98” байгууллагын арга зүй 
  • Далд сурталчилгаанд мониторинг хийхээр бол 2004 оны УИХ-ын сонгуулийн үеэр ашигласан аргачлал
  • Хуулийн тодорхой зүйл заалтад тохирох нарийвчилсан аргачлал
  • Мониторчдын сургалт
  • Мониторингийн мэдээлэл түгээх
IV. Хэвлэл мэдээллийн тэнцвэртэй, шударга сурталчилгаанд нөлөөлж буй хүчин зүйл

1996 онд ОУСХ (International Federation of Journalists)-ны Хэвлэл мэдээллийн ажиглах хэсгийн тайланд" Төр, засгийн мэдлийн ХМХ-ийг оролцуулан хэвлэл мэдээллийн бүх төрлийн хэрэгсэл нэр дэвшигчдээс тэдний үйл ажиллагаа, үзэл бодлыг сурталчилсны төлөө төлбөр авч, редакцийн хараат бус, бодит мэдээлэл, нийтлэлд бага цаг, зай гаргаж байв. Монголын хэвлэл мэдээлэл сонгуулийн кампанийн явцад орлого, мөнгө хөөцөлдснөөс бус соёлтой маргааны шүүгч болж, ингэснээрээ сонгогчдоор ул суурьтай шийдвэр гаргуулах үүрэг хариуцлагаа хангалтгүй биелүүлсэнд ОУСХ-ын ажиглах хэсэг сэтгэл дундуур байна" гэсэн билээ. 

1996 оноос хойш энэ байдалд өөрчлөлт гараагүй гэж хэлж болно. Үүнд нөлөөлж буй хэд хэдэн хүчин зүйл бий.

Эрх зүйн орчин боловсронгуй бус

  • Мэдээллийн эрх чөлөөний хууль үгүй.
  • Мэдээлэл авах эрх, эрх чөлөөний хязгаарлалт нь түлхүү. Одоо үйлчилж буй 360 орчим хуулийн 120 гаруйд (33%) мэдээлэл ил тод, нээлттэй байх зүйл заалт байдаг.
  • Олон нийтийн радио, телевизийн хуульд сэтгүүлч мэдээлэл олж авах эрхтэйг тунхагласан бловч нарийн зохицуулалт байхгүй
  • Хэвлэл мэдээллийн хэрэгслийн өмчлөл, ил тод байдлын тухай хууль байхгүй
  • Өргөн нэвтрүүлгийн хэрэгслийг зохицуулсан хууль үгүй
  • Сэтгүүлчийн нууц эх сурвалж хамгаалах хууль байхгүй
  • Олон нийтийн радио, телевизийн хуульд сэтгүүл нууц эрх сурвалжаа хамгаална гэж ззасан боловч нарийн зохицуулалт байхгүй
  • Эрүү, иргэний хуулийн нэр төр, алдар хүнд, нэр хүнд, гүтгэлэг, доромжлолтой холбоотой заалтыг сонгогдсон эрх мэдэлтэн, эрх баригчид цензур болгон ашигладаг

Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт хөгжөөгүй

  • МСНЭ-ийн Сэтгүүлчдийн ёс зүйн код батлагдсан боловч хэрэгжих механизм байхгүй
  • Монголын чөлөөт, хараат бус хэвлэн нийтлэгчдийн холбоо ёс зүйн дүрэм баталсан боловч мөрдөгддөггүй.
  • “Өдрийн сонин” гэх мэт зарим хэвлэл мэдээлэл ёс зүйн кодтой боловч хэрхэн хэрэгждэг нь тодорхойгүй
  • Хэвлэлийн зөвлөл, омбудсан гэх мэт өөрийн зохицуулалтын байгууллага байхгүй
  • Редакцийн хараат бус байдал хангагдаагүй
  • ХМХ-үүд сонгуулийн үеэр баримтлах зарчим боловсруулж, мөрдөж заншаагүй
  • Сэтгүүлч, хэвлэн нийтлэгчдийн мэргэжлийн эвлэл холбоодын чадавхи сул

Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хараат бус байдал хангагдаагүй 

  • Санхүүгийн хараат бус байдал
            Хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо нэмэгдэх дусам зар сурталчилгааны зах зээл хуваагдаж, гол орлого нь багасаж, амьдрах боломж нь хумигдсаар байна. Иймд монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэл улс төр, бизнесийн эрх мэдэлд  үйлчилдэг. Төлбөрт сурталчилгаа, төлбөрт мэдээ, төлбөрт мэдээлэл ХМХ-ийн эфрийн цаг, сонины зай талбайд жинтэй хувь эзэлдэг. Тийм ч учраас сонгуулийг орлого олох хамгийн боломжийн арга гэж үздэг.
            Хэвлэл мэдээллийн удирдлага менежементийн, ялангуяа санхүүгийн менежементийн тухай зохих мэдлэггүй, ийм чиглэлийн сургалтын хувьд зөвхөн сонины  менежементийн чиглэлээр Монголд тоотой зохиогдсон.

            Санхүүгийн сул дорой байдал нь хэвлэл мэдээллийг улс төрийн хувьд хараат бус байх боломж олгодоггүй.
  • Улс төрийн хараат бус байдал
            ХМХ төрийн хяналтаас гарч, улс төрч, бизнесийн бүлэглэлийн гарт орсон. Ийм тохолдолд редакцийн хараат бус байдал, сэтгүүлч хараат бус ажиллах тухай мөрөөдөхөд ч хэцүү. Гэвч Авилгатай тэмцэх хуулийн дагуу эрх мэдэлтэн, өндөр албан тушаалтнаас гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэгт хэн нь ч ХМХ өмчилж буй тухай дурдагдаагүй.  Ганцхан Ерөнхийлөгч Н.Энхбаяр TV9 телевизэд хөрөнгө оруулсан тухайгаа мэдэгдсэн.
            2004 оны  УИХ-ын сонгуулийн өмнө улс төрийн нам, нэр дэвшигчид хот, хөдөөд олон тооны радио, телевиз байгуулсан. Энэ хооронд өргөн нэвтрүүлгийн жижиг хэрэгслүүд хөдөөд орон унтгийн засаг захиргааны төлбөрт мэдээллийн хүчээр дөнгөн данган амь зууж байсан. Одоо ивээн тэтгэгчид нь эргэж очих байх. Хөдөөд радио, телевиз одоо ч шинээр байгуулагдаж байна.

Сонгуулийн сэтгүүл зүйн тухай ойлголт мэдлэг хомс

        "Глоб Интернэшнл" ТББ 2004 онд 500 хүнийг хамран судалгаа хийсэн. Судалгаанд хамрагсдын 63.3% нь нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн, 41.4% нь намуудын мөрийн хөтөлбөрийн харьцуулсан дүн шинжилгээ, мэдээлэл, 17.2% нь сонгогчийн боловсролд зориулсан, 8.9% нь бусад мэдээллийг сонгуулийн сурталчилгааны үеэр ХМХ-ээс хүсдэг гэжээ. 

        Гэтэл ХМХ-үүд СЕХ-ны зар сурталчлгаанаас бусдаар сонгогчдын боловсролд зориулсан материал нийтэлж, нэвтрүүлдэггүй

Сэтгүүлчдийн цалин хөлс бага, өөрийн цензур маш өндөр  

        2004 оны УИХ-ын сонгуулийн үеэр мэдээ, нийгэм улс төрийн чиглэлээр хамгийн идэвхтэй ажилладаг 200 сэтгүүлчдийн дунд судалгаа хийхэд бүгд Монголд цензур бодитой хэмээн хүлээн зөвшөөрсөн. Мөн зуун хувь  өөрсдийгөө цагдан хянадаг гэсэн юм.

        Дээр дурдсан бүх бэрхшээл нь Монголд чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийг жинхэнэ утгаар хөгжүүлэх, хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчдийн эрхийг хангах чиглэлээр төрийн бус байгууллагууд ямар их хүчин зүтгэл гаргах хэрэгтэй байгаагийн нотолгоо юм.

        Төсгөлд нь:

         Улс төр, санхүү, эрх зүйн ийм таагүй орчинд монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэргэжлийн өндөр түвшинд ажиллаж, сонгогчдод үйлчилнэ гэдэгт хэцүү.

        Гэхдээ бүх шатны сонгуулийн үеэр тогтмол хийх мониторинг, түүний үр дүн, зөвлөмж  цаашид монголын хэвлэл мэдээлэл сонгуулийн үеэр сонгогчдод мэдээлэл түгээх, сонгуулийн бүхий л үйл явцад хяналт тавих үүргээ жинхэнэ утгаар биелүүлэх орчинг таатай болгоход чухал хувь нэмэр оруулна. Энэ зөвхөн сонгууль төдийгүй хэвлэл мэдээллийн хэрэгслийн ардчиллыг гүнзгийрүүлэх, нийгмийн хөгжлийн төлөө  гүйцэтгэх үүргийг дээшлүүлэхэд онцгой чухал юм.

Сонгууль